Уул уурхайн салбарынханы хамгийн том чуулган болох "Уул уурхайн долоо хоног-2022" эхэллээ
Одоогоос 100 жилийн өмнө тэртээ 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын Засгийн газрын шийдвэр гарснаар энэ өдрийг Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбарын үүсэл, хөгжлийн эхлэл гэж үздэг.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болж байгаа энэ том салбарын түүхэн 100 жилийн ой энэ жил тохиож байна.
Энэ тэмдэглэлт үйл явдлыг угтан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани хамтран “Уул уурхайн долоо хоног-2022” нэгдсэн арга хэмжээг анх удаа зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээ 2022 оны 9 сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Шангри-ла зочид буудалд зохион байгуулагдана
Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн салбарыг идэвхжүүлж гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж буй.
Долоо хоногийн турш үргэлжлэх энэ арга хэмжээ нь уул уурхайн салбарын бодлогын семинар, хөрөнгө оруулалтын чуулган, хөдөлмөрийн аюулгүй байдлын бага хурал, хариуцлагатай уул уурхайн семинар, гүний уурхайн симпозиум, уул уурхайн техник, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд төрөл бүрийн арга хэмжээний цогц байх аж.
Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол чухал хэсэг, цаашид ч тодорхой хугацаанд үргэлжлэх учраас “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээг жил бүр зохион байгуулах аж. Ингэснээр уул уурхайн салбар тогтвортой хөгжих, улс төр, хууль эрх зүйн орчин тогтвортой болж, иргэд олон нийтийн ойлголт мэдээлэл сайжирч, ул суурьтай хардаг болох гээд олон чухал үр дүн бий болох боломжтой юм.
Арга хэмжээний үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрдэс баялгийн хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар цогц мэдээлэл өгч, санхүүгийн зах зээл, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын боломжийн талаар өргөн дэлгэр хэлэлцэх аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.