СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 "Төр нэг сэтгүүлчийн эрхийг ингэж хамгаалдаг юм чинь бидний эрхийг ч хамгаалж өгөөч"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

"Ээлтэй Ертөнц" ТББ-аас “Бид ч бас эрхээ хамгаалуулмаар байна, Сайдаа. Монгол Улсын төрөөс, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдэлтэй холбоотой Танаас асуух асуулт байна” сэдвээр мэдээлэл хийв.

"Ээлтэй ертөнц" ТББ-аас "Энэрэл" хүүхэд хөгжүүлэх төвийг 5 дахь жилдээ ажиллуулж байна. Аж ахуйн аргаар багахан мөнгө олж /эцэг эхчүүдийн өгсөн мөнгө, зөөлөн тоглоом хийж зарах гэх мэт/ байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдээ асарч байсан ч төрийн дэмжлэггүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоолоо. Хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна. 

Байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн хувьд хүнд өдрүүдийг өнгөрүүлж байна. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бид өмнө нь ч хэлсэн. Засгийн газраас 2022.06.15-ны өдөр гаргасан 11 тэмдэглэлдээ дурдсан ажлуудыг хийж өгөөч. Одоогийн байдлаар Д.Сарангэрэл сайд хүлээн авч уулзаж, асуудлыг шийдэхээ илэрхийлсэн ч шийдэгдсэн зүйл алга. "Энэрэл" хүүхэд хөгжүүлэх төв өнөөдөр ч хаалттай байсаар байна. 

Иймд бид шаардлага тавьж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарт хандаж байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлч залууг өмөөрч мэдэгдэл хийсэн байна. Монгол Улсад иргэний язгуур эрх ашгийг хамгаалах төр байдгыг сайд өөрөө харууллаа. "Иргэний нэр төрд халдсан тул хамгаална" гэж Монгол Улсын сайд өөрөө хэлж, хүний эрхийг санууллаа. Иргэнээ хамгаалсан шийдвэрийг манай төр гаргадаг юм байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган иргэний өмнөөс дараах асуулт, хүсэлтийг Та бүхэнд тавьж байна.

Жирийн иргэнээ төр ингэж хамгаалдаг юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх маш ноцтойгоор зөрчигдөж байгааг анзаарч хараач. Эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалж өгөхийг шаардаж байна.

Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандаж байна. Тэрээр "Монгол Улсад хүн биш хууль засагладаг байх ёстой" гэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хүндэтгэсэн нийгмийн орчин бүрдүүлэх, бие дааж амьдрах орчныг бүрдүүлэх, холбогдох зардлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу БШУЯ-нд тусгасан зардлаа гаргаж, дэмжиж ажиллаач ээ. Бид олон уулзсан ч бидний ярьсан асуудлыг тал еэвэнгийн үлгэрээр шийдэж байна. Асуудлыг сонсдог ч шийдвэрлэж чадахгүй байна. 

Засгийн газар нэг иргэний эрхийг үнэхээр сайн хамгаалдаг юм байна. Бид ч бас эрхээ хамгаалуулмаар байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлмээр байгаа учраас бидэнтэй хамтарч ажиллаач. Ганц "Энэрэл" төвийг дэмжээч гэж байгаа юм биш, өөр ийм үйл ажиллагаа явуулах төвийг байгуулж өгөөч гэж хүсэж байна хэмээн ярив. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.