Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд суусны эцэст 96 насандаа таалал төгсжээ. Тэрээр Шотландын Балморал эдлэн газартаа орон нутгийн цагаар пүрэв гаргийн үдээс хойш амар тайван нойрссон гэж Букингемийн ордон албан ёсоор мэдэгдсэн юм.
Пүрэв гаргийн өглөө Хатан хааны бие муудаж, эмчийн хяналтад орсны дараа Хааны гэр бүлийн гишүүд Балморалд цугларах болсон бөгөөд Хатан хааны бүх хүүхэд, мөн түүний ач хүү, хаан ширээг залгамжлагч хунтайж Уильям болон хунтайж Харри нар түүний дэргэд ирсэн байна. Хатан хааныг таалал төгссөний дараа түүний ууган хүү, хунтайж Чарльз "Эрхэм дээд удирдагч, хайрт ээж минь таалал төгссөнд гүнээ гашуудаж байна. Энэ хүнд гарз хохирлыг манай улс орон, Хамтын нөхөрлөлийн орнууд болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа тоо томшгүй олон хүн гүн гүнзгий мэдэрнэ гэдгийг би мэдэж байна" хэмээжээ.
Ийнхүү тэрээр III Чарльз хаанаар өргөмжлөгдөж, Хамтын нөхөрлөлийн 14 хаант улсын төрийн тэргүүн болж байгаа юм. Хаан болон Хааны гэргий Камилла нар баасан гарагт Лондонд буцаж ирснийхээ дараа ард түмэндээ хандаж үг хэлэх төлөвтэй байгааг Букингемийн ордноос мэдээлсэн байна.
Энэ долоо хоногийн мягмар гарагт Хатан хаанд бараалхаж, албан ёсоор томилогдсон Ерөнхий сайд Лиз Трасс мэдэгдэлдээ "Хатан хаан бол бидэнд шаардлагатай тогтвортой байдал, хүч чадлыг өгч, орчин үеийн Их Британийг босгосон хад чулуу билээ. Тэрээр маш удаан хугацааны турш маш олон хүнд үнэнч зүтгэсэн шиг одоо бид шинэ Хаандаа үнэнчээр зүтгэх болно" гэжээ.
Хатан хаан II Элизабет 1952 онд хаан ширээнд заларснаасаа хойш Их Британийн төрийг хамгийн олон жил барьсан удирдагч, нийгмийн асар их өөрчлөлтийн гэрч болсон билээ. Тэрээр энэ хугацаанд, 1874 онд төрсөн Уинстон Черчиллээс эхлээд 1975 онд төрсөн Лиз Трасс зэрэг 15 Ерөнхий сайдын нүүрийг үзсэн юм.
Хатан хааны гэр бүл гашуудаж байгаа энэ үед Их Британийн үндэсний амьдралын ихэнх хэсэг зогсонги байдалд орох төлөвтэй байна. Тус улс даяар албан ёсны уулзалтуудыг цуцалж, Хааны ордон, Засгийн газрын байгууламжуудад төрийн далбааг хагас бөхийлгөнө. Мөн Парламентын гишүүд Хатан хаандаа хүндэтгэл үзүүлж, III Чарльз хаанд тангараг өргөх юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.