Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд Монгол орон даяар “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд КОВИД-19 халдварын тохиолдлуудын эмнэлзүйн тусламж үйлчилгээг удирдахуй, Хүчилтөрөгч эмчилгээ” сургалтыг 2022 оны 6-9 дүгээр сард зохион байгуулж, бүх сумын эмч, сувилагч нарыг хамрууллаа.
Түүнчлэн, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд хүчилтөрөгч эмчилгээний чадавхыг үнэлэн, сонгогдсон 200 суманд хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслийг хандивлаж байна.
Энэхүү ажил нь хөдөө орон нутгийн алсагдсан эрүүл мэндийн байгууллагууд коронавируст халдварын үеийн болон бусад эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэс заслын тусламж үйлчилгээ авч буй хүнд өвчтөнүүдийг зөөвөрлөхдөө илүү цэвэр хүчилтөрөгчийг баллоноор хэрэглэх боломжийг хүртээмжтэй болгоход дэмжлэг болно.
Өнөөдөр /2022.09.09/ үндэсний хэмжээнд явагдсан цогц сургалтын хаалтыг хийж, хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэгслийн дээжийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өгнө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.