АНУ-ын Нью-Йорк муж улсад өнгөрсөн 28 сарын турш хүчинтэй байсан нийтийн тээвэрт амны хаалт зүүх шаардлагыг цуцалсныг тус бүсийн Амбан захирагч Кэти Хочул мэдэгджээ.
Түүнчлэн нисэх онгоцны буудал, такси, дуудлагын тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх шаардлагагүй болсон хэдий ч төрийн тусгай зөвшөөрөлтэй асрамжийн газар, эмнэлэг болон бусад эрүүл мэндийн байгууллагад дүрэм журмыг хэвээр үлдээсэн байна.
Цар тахлын халдвар Нью Йорк хотод өргөн тархаж эхэлснээр муж улсын эрх баригчид амны хаалтын шаардлагыг 2020 оны дөрөвдүгээр сард нэвтрүүлсэн билээ. Харин энэ оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын хэмжээнд энэхүү дүрмийг хүчингүй болгосон ч Нью-Йорк уг өөрчлөлтөд нэгдээгүй юм. Тэгвэл одоо тус муж улсад халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөнүүдийн тоо буурах болсноор Нью-Йорк илүү дээр байр сууринд ирснийг Амбан захирагч Хочул тэмдэглэжээ.
Нью-Йорк нь нэг хэсэг АНУ-ын цар тахлын голомт байсан бөгөөд одоог хүртэл тус бүс нутагт коронавирусийн 6 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 71,222 хүн нас бараад байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.