Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан зариг.мөн сайтад өгсөн ярилцлагадаа хэлэв.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар маш тодорхой байр суурьтай байгаа. Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг байх ёстой, хамгаалуулдаг байх ёстой. Ялангуяа Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийн нэгд, гарал үүсэл, яс үндсээрээ ялгаварлан гадуурхагддаггүй байх ёстой.
Гэтэл Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хийсэн мэдэгдлийг бид хараад Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа зарчимтай нийцэхгүй байгааг ойлгож авлаа. Тиймээс өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ж.Соронзон захирлыг чөлөөлөх тушаал гаргасан. Над дээр бас ирсэн байгаа.
Өчигдрийн мэдэгдэл дээр бидний яриад байгаа хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоох, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй байх гэдэг үзэл санааны эсрэг мэдэгдлийг Ж.Соронзон захирал хийсэн учраас би ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж байна. Тэр сэтгүүлч, захирал нарын маргаан бол тусдаа асуудал. Тэр нь өөрөө хууль шүүхийн байгууллагаараа яваад шийдэгдэх ёстой асуудал. Бид яагаад ажлаас чөлөөлж байгаа шалтгаан маань өөрөө Үндсэн хуулийн үндсэн эрхийг зөрчиж байна, ялгаварлан гадуурхалтыг бодитой харууллаа. Нөгөө бидний яриад байгаа арга барилын маш том хоцрогдлыг маш бодитой харуулж байна.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тус сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг хашдаг. Энэ шугамаараа Оросын талтай зөвшилцөж, ойлголцоно гэж бодож байна. Энэ бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, Монгол хүүхдүүдийг сургадаг сургууль учраас Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж үйл ажиллагаагаа явуулах ёстой гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.