Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа.
Оюун санааны түнш, гуравдагч хөрш БНЭУ-тай харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, үүнд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди-гийн 2015 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал болон Батлан хамгаалахын сайдын энэ удаагийн айлчлал чухал түлхэц болж байгааг онцлов.
Мөн хоёр орны хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүргэх бүрэн боломж байгааг хэлэв.
Ардчилал, эрх чөлөөг дээдэлдэг зэрэг ижил төстэй зүйл олон Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх илэрхийлжээ.
Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, батлан хамгаалах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, боловсрол, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.