БНХАУ коронавирусийн эсрэг вакцины "сорж уудаг" хувилбарт зөвшөөрөл олгосон анхны орон болжээ.
"CanSino" компанийн гаргаж авсан тус вакцин нь тарилгын вакцинтай ижил найрлагатай бөгөөд генетикийн кодыг тээвэрлэхийн тулд хүний биед хоргүй аденовирусийг ашигладаг аж. Нарийн ширхэгтэй уур бүхий "Convidecia Air" вакцин нь ганц сорсны дараа ч сайн хамгаалалт өгч чадна гэж тус компанийн зүгээс мэдэгджээ.
Клиникийн туршилтуудын үр дүнд, уг "сордог" вакциныг өмнө нь вакцин тариулсан хүмүүсийн цар тахлын эсрэг дархлааг нэмэгдүүлсэн гэж тогтоосон бөгөөд Хятадын Эмнэлгийн бүтээгдэхүүний үндэсний захиргаа "Convidecia Air" вакциныг нэмэлт тунгаар ашиглах зөвшөөрлийг олгосон байна.
Үүнээс гадна, Их Британи, АНУ-ын эрдэмтэд хамрын цацлага бүхий вакциныг гаргаж авахаар судалж байгаа билээ. Ийм төрлийн вакцинууд нь хамар, амьсгалын дээд замын салст бүрхэвч зэрэг коронавирус ихэвчлэн бие махбодод ордог хэсэгт нэмэлт дархлаа үүсгэдэг гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.