УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлах тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авсан. Онцлох нэг сэдэв нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэдэн жилийн өмнө ярьж байсан сонгодог парламентын тогтолцоог сонгох улс төрийн байр суурь хэвээрээ эсэх тухай асуудал юм.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Ерөнхий сайд аа, танаас би парламентын ардчиллыг бэхжүүлэхэд, парламентын тогтолцоог сайжруулах чиглэлээр зоригтой өөрчлөлт хийх үү гэж жилийн өмнө асууж байсан. Та хариуд нь ирээдүйд хэрэгтэй зоримог алхам хийхээ мэдэгдсэн. Одоо үүнийг дахиад асууя. Та энэ байр суурь дээр хэвээрээ байгаа юу?
Яагаад үүнийг асууж байна вэ гэвэл ҮХЦ-ийн хуралдаанаас хоёр шийдвэр гарсан. Парламент “давхар дээл” өмсөж болно, гэхдээ олон улсын жишгийн дагуу гишүүдийн тоог нэмэх байдлаар явах хэрэгтэй гэсэн шийдвэр гарсан. Гэтэл өнөөдөр 21 сайдтай, 15 нь давхар дээлтэй байдлаар орж ирж байна. Цаашаа яаж хяналт тэнцлээ хадгалах билээ? Ийм олон давхар дээлтэй сайдыг нэмбэл дахиад л нийгэм дэх үл ойлголцол үргэлжилэх биш үү?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Сонгодог парламент рүү явах миний байр суурь өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй. Цаашдаа бид энэ зам руу алхам алхмаар явах ёстой.
Хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай байх ёстой. Монгол Улс цаашдаа парламентын засаглалтай улс байх ёстой гэдэг миний улс төрийн байр суурь хэвээр. 2019 онд ҮХНӨ-ийн үед ч, 2016 онд ч би ярьж байсан.
Үндсэн хууль бол өөрөө нийгмийн зөвшилцлийн баримт бичиг учраас УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэнэ гэдэг зардлын тухай асуудал биш. Улс орны тусгаар тогтнолын тухай асуудал юм.
Мэдээж данхайсан төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цомхотгож, төрийн нүсэр бүтцийг багасгаж хэмнэж болно. Гэхдээ тусгаар тогтнолыг хэмнэж болохгүй.
Хэт давжаа байдлаас салахын тулд УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх ёстой. Хууль дээр нэг гишүүн нэг байнгын хороонд харьяалагдах боломжтой болох ёстой. Сонгогдсон дараалал тодорхой, байнгын хорооны дарга сайд болох дэг журмаараа явах ёстой.
Та бидний гол үүрэг бол нийгмийн ойлголцлын хүрээнд тооцоо судалгаатай ойлгуулах үүрэг хүлээх ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.