СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-08-15

ФОТО: “Нүүдэлчин Монгол - 2022” соёлын биет бус өвийн их наадмын эргэн тойронд

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Соёлын биет бус өвийг хамгаалах, өвлөн уламжлуулах зорилготой “Нүүдэлчин Монгол - 2022” соёлын биет бус өвийн их наадам Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт гурван өдөр зохион байгуулагдаж өнгөрлөө.

Соёлын биет бус өвийн их наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1227 өв тээгч, уламжлагч оролцож, 12000 гаруй дотоод, гадаадын жуулчин үзэж сонирхожээ. 

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутамд улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулна гэж заажээ. Энэ хүрээнд "Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулав.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 11100 орчим соёлын биет бус өв тээгчид байдаг. Үүнээс Засгийн газрын 2019 оны тогтоолоор 102 өвлөн уламжлагчийг Үндэсний жагсаалтад бүртгэжээ. Соёлын яамнаас соёлын биет бус өвийг хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотойгоор энэ жил бүсчилсэн судалгааны ажлуудыг эхлүүлжээ.

Тус наадмын үеэр морь, үхэр, сарлаг зэрэг хөсөг тэргийг ашиглаж, гэр бүл, хүүхэд залуучууд, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг уламжлалт монгол ахуйн арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлсэн байна.

Мөн энэ удаагийн наадам нь нүүдэлчдийн байгаль хамгаалах арга ухааныг эрхэмлэн байгаль орчинд ээлтэй, эко орчныг бүрдүүлж тэг хаягдал (zero waste) буюу аливаа бүтээгдэхүүн, нөөцийг боломжит хязгаарт нь хүртэл дахин ашиглаж, хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүрс төрөгчийн ялгаралыг (carbon limited) бууруулахын тулд эрчим хүчний хэрэглээг багасгах зэрэг нөлөөллийн ажлуудыг хийж байгаагаараа онцлог боллоо.

Манай улс 2022 оны байдлаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвд нийт 15 өвийг бүртгүүлсэн байдаг. Цаашид уламжлалт соёлын ахуй орчинг бүрдүүлж хүүхэд, залуус, түмэн олон эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэх оюуны дархлаа тогтоох зорилгоор 2023 онд Дэлхийн фестиваль болгон өргөжүүлэх зорилт тавин ажиллаж буй юм.

Наадмын үеэр Соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй өв тээгчдийг шагнан урамшуулсан юм. Энэ дундаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас оролцсон 90 настай өвлөн уламжлагч Б.Дашзэвэг хамгийн ахмадаар тодорсон бол хамгийн балчир нь Хөвсгөл аймгаас орлцогч 2 настай Б.Гүнжмөрөн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсан юм.

“Нүүдэлчин Монгол” наадмыг анх 2018 онд Хүй долоон худагт зохион байгуулж байсан бөгөөд аймаг тус бүр отогийн зохион байгуулалтад орж өөрийн нутаг дахь соёлын биет бус өвийн төрөл зүйлийг олон нийтэд сурталчилж байсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.