Хятад Америк хоёрт дайтах шалтгаан бий. Харин шалтаг сая үүсэв бололтой. Тэр нь Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси Тайваньд айлчлах “сураг”-тай холбоотой.
Энэ болоод бусад үйл явдалтай холбоотойгоор Ши Жиньпин, Жо Байден нар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт утсаар хоёр цаг гаруй ярьсан. Тэр үеэр Ши Жиньпин Тайванийн асуудлаар оролдож, Хятадын дотоод хэрэгт оролцохгүй байхыг Жо Байденд анхааруулсан хэмээн мэдээллийн агентлагууд дамжуулж байна.
Америкийн талаас “...Хоёр удирдагч Тайванийг тойрсон асуудал, Украины байдал, мөн хоёр талын болон олон улсын зарим асуудлыг хэлэлцсэн” гэж нотлов. Хятад улс ч албан ёсоор “Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси Тайваньд айлчилбал ноцтой үр дагавар гарна” гээд мэдэгдчихлээ.
Ши Жиньпин Жо Байден нарын тухайд хамгийн сүүлд, 2022 оны гуравдугаар сарын 18-ны орой цахимаар уулзахдаа ч энэ талаар хөндсөн байдаг. Тэгэхэд Жо Байден:
“...Хятадтай “шинэ хүйтэн дайн” хийхийг хүсэхгүй. Тус улсын нийгмийн тогтолцоог өөрчлөх оролдлого хийхгүй. Холбоотнуудтайгаа хамтран эсрэг ажиллахгүй. Тайванийг тусгаарлахыг дэмжихгүй. Мөргөлдөөн үүсгэхийг бүр ч хүсэхгүй байна” гэж байв.
Харин Ши Жиньпин:
"... Та сая хэлсэн үгэндээ байр сууриа дахин нотолсныг бид ихэд чухалчлан үзэж байна. Ялангуяа Америкийн зарим улстөрчид “Тайванийг хагалан тусгаарлах” хүчинд буруу мессеж дамжуулж байгаа нь их эрсдэлтэй зүйл юм. Тайванийн асуудлыг сайтар зохицуулахгүй бол хоёр орны харилцаа тэр чигээрээ “хөмөрнө”. Тиймээс энэ талаар илүү чухалчлан авч үзэхийг Америкийн талаас хүсэж байна" гэж байв.
Ямартай ч Ненси Пелоси Ази дахь айлчлалаа өнгөрсөн баасан гаригт эхлүүлсэн. Гэхдээ Тайваньд айлчлах эсэх нь тодорхойгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ Ненси Пелосигийн цахим сүлжээгээр зарласан айлчлах улсын тоонд Тайвань ороогүй талаар зарим эх сурвалж мэдээлэв.
Харин Ши Жиньпин Жо Байдентай утсаар ярьснаас хэдхэн цагийн дараа Хятадын арми Тайванийн эргээс 120 километрт цэргийн сургуулилтыг хийх шийдвэр гарсан. Хятадын армийн сургуулилтын үеэр Тайванийн телевизээр Ши Жиньпинийн анхааруулгыг нэвтрүүлж, агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх түгшүүрийн дохио дуугаргаж байжээ.
Мөн Америкийн Тэнгисийн цэргийн флот өнөөдөр эхлэх олон улсын цэргийн сургуулилтад оролцох, мөн Ненси Пелосигийн аюулгүй байдлыг хамгаалахаар Өмнөд Хятадын тэнгист нэвтрээд байгаа юм. Хэрэв Ненси Пелоси Тайваньд айлчлахаар бол Америкийн агаарын хүчин хамгаалалтад нэмж очно хэмээн барууны хэвлэлүүд мэдээлсэн байна.
Өөрөөр хэлбэл, Тайванийн нөхцөл байдал тун эгзэгтэй болоод байгаа юм. Дэлхийн хэвлэлүүд, томоохон агентлагууд, олон улсын тоймчид, ажиглагчид Хятад Америкийн энэ удаагийн сөргөлдөөн бодитой болж байгааг, энэ явсаар дайндаа тулж болзошгүйг хэлж байна.
Тиймээс “...Дэлхийн III дайн эхлэх үү” гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Хамгийн гол нь Хятад улс Америкийг өдөөн хатгалаа гэж мэдэгдсэн бол “алим” болоод буй Тайвань “...Украин шиг ухрах газаргүй тул тэнгистээ байлдана” гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийчихээд байна.
Сүүлийн үед Дэлхийн III дайны талаар мэр сэр яригдаад байсан. Гэхдээ Хятад биш. Оростой холбож байв. Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров 2022 оны дөрөвдүгээр сард
“...Зеленскийтэй энхийн хэлэлцээ хийж болох ч Дэлхийн III дайн дэгдэх аюул ноцтой, бодитой түвшинд хүрээд байна. Үүнийг дутуу үнэлж хэрхэвч болохгүй” гэж мэдэгдсэн.
Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнмин:
“...Дэлхийн III дайныг хэн ч хүсэхгүй байгаа. Орос Украины энхийн хэлэлцээг уриалах үйл явцыг дэмжих шаардлагатай” гэж байлаа.
Харин одоо Хятад улс Дэлхийн III дайны оролцогч болж хувирав.
Ер нь бол олон улсын аюулгүй байдлын судлаачид “...Хятад Америкийн удаан үргэлжилж байгаа зөрчил нь дайны хэмжээнд хүрнэ, шалтаг нь Тайвань байна. гэдгийг нэлээд хэдийнээс хэлж, бичиж ирсэн байдаг.
ХБНГУ-ын Шинжлэх ухаан, улс төрийн сангийн харьяа Олон улсын харилцаа, аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Петер Рудольф нэгэн өгүүлэлдээ:
“...Аюулгүй байдлын тухай “сонгодог” ойлголтод цэргийн өдөөн хатгасан аливаа үйл ажиллагаа, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж буй нөхцөл байдал, цөмийн зэвсгийн цохилт зэргийг ойлгоно.
... Хятад, Америкийн харилцаанд аюулгүй байдлын нэг асуудал бол Тайвань юм. Тайванийн бүрэн шийдэгдээгүй тусгаар тогтнолын зөрчил нь дайны эрсдэлийг дагуулдаг. 2019 оны нэгдүгээр сарын эхээр Хятадын дарга Ши Жиньпин “...Тайванийг бүрэн тусгаар тогтнохоос урьдчилан сэргийлэхийн тулд цэргийн хүч ашиглах болно” гэдгээ онцолж байсан.
Америк 1978 онд Тайваньтай албан ёсны дипломат харилцаагаа зогсоож, батлан хамгаалах гэрээгээ цуцалсанаар Хятадтай харилцаагаа хэвийн болгосон. Гэвч “...1979 оны Тайваньтай Харилцах Актад Тайванийн ирээдүйг тайван бус замаар шийдэхийг Номхон далайн баруун бүсийн энхтайван, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл хэмээн Америк үзнэ” гэсэн.
Тиймээс Америк “стратегийн хоёрдмол байр суурь”-тай. Тайваньд үзүүлэх аливаа аюулд хариу арга хэмжээ авахаа амлаж байгаа. Гэсэн ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хятадын хувьд Тайванийг эх газрын Хятадаас тусгаар тогтнохоос урьдчилан сэргийлэх, статусаа өөрчилж, тусгаар тогтнолоо зарлахыг цэргийн хүчээр ч хамаагүй зогсоох зорилготой. Бээжин Тайванийг буцаан нэгтгэхээр цэргийн хүч ашиглавал Америк аюулгүй байдлыг нь хангахаар Хятадын довтолгооноос урьдчилан сэргийлэх зэвсгийн систем нийлүүлэх болно.
Гэсэн хэдий ч энэ ээдрээтэй нөхцөлд бүрэн тусгаар тогтноогүй Тайвань Бээжингийн хувьд хамгаалалтын шүхрийн үүрэг гүйцэтгэж байна гэж ойлгож болно.
Хятадын зүгээс Тайванийг тусгаар тогтнохоос сэргийлэхэд Өмнөд болон Зүүн Хятадын тэнгис дэх эсэргүүцэн хамгаалах хүчээ нэмэгдүүлэх “үндсэн ашиг сонирхол” байна. Хэрэв Америк энэ бүс нутгаас цэргийн хүчээ татахгүй бол Хятад батлан хамгаалах хүчээ нэмэгдүүлсэнээр байдал улам төвөгтэй болох юм. Энэ нь Хятад улсын бүрэн бүтэн байдлыг хангах “түрэмгий бодлого” мэт харагдах ч үндсэндээ Ши Жиньпинийн хамгаалах стратеги байж магадгүй юм” гэж бичжээ.
Мөн саяхан "VOX" вэбсайтад Дэлхийн III дайны талаар олон улсын мэдээллийн томоохон агентлагууд, ажиглагчдын задлан шинжилгээг нэгтгэн нийтэлжээ. Тэнд:
“...Дэлхийн III дайн ойрын хугацаанд эхэлж магадгүй. Хятад, Америкийн хоорондын зөрчилдөөн бол дайны шалтгаан. Ямартай ч Орос улс Дэлхийн III дайныг эхлүүлэхгүй. Харин Хятадыг дэмжих магадлалтай. Тэд Америктай дэлхийн ноёрхлын төлөө тэмцэх болно.
"TIME"-ийн мэдээлснээр дайны гол “тайз”-уудын нэг нь тэнгис байх болно. Номхон далайд Хятад Америкийн флотууд тулалдана. Ердийн их буунаас эхлээд лазерын их буу хүртэлх боломжтой бүх зэвсгээр байлдана. Агаарын тулаанд Хятадыг Оросууд агаарын хүчээр дэмжинэ. Кибер орон зай нь дайны бас нэг “тайз” болж, Шанхай, эсвэл Цахиурын хөндийн хакеруудын хэн нь хүчтэй вэ гэдгээ үзнэ.
Мэдээжийн хэрэг, дэлхийн шинэ дайн сансрын тулаангүйгээр явахгүй”, “...Хятадууд Америктай хийх тулаанд бэлтгэж байна. ХКН-ын албан ёсны мэдээллийн хэрэгсэл болох "Ардын өдөр тутмын сонин" -д анхааруулга нийтэллээ. Түүнд “...Хятад Америк дайтах нь тодорхой!" гэжээ. Энэ нь Америктай нийлсэн Өмнөд Хятадын тэнгис дэх хөрш орнуудынх нь газар нутгийн хурцадмал зөрчилтэй холбоотой юм” гэх зэргээр тоймлон нийтэлсэн байна.
Ийн манай хойд хөршүүд Украинтай учраа олж амжаагүй байтал урд хөрш маань холын Америктай уралцахдаа тулав.
Дунд нь оршдог манай улсын хувьд тун таагүй. Маш аюултай. Ямар ч нөхцөлд бидэнд тааруухан нөлөө үзүүлнэ. Бид өнөөдөр цар тахал, Орос Украины зөрчилдөөний “жавар”-т хөлдчих шахаж байна. Тэгтэл манай эдийн засгийн гол тулгуур болсон улс дайны байдалд шилжиж байх шиг байна. Байдал улам дордохын дохио. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй бол шүү дээ.
Ямар ч байсан Хятад Америкийн зөрчил хүндэрч, дэлхийн анхааралд орлоо. Тиймээс Монгол Улсын ҮАБЗ өнөөдөр хуралдахаар болжээ. Аюулгүйн зөвлөл Хятад Америк, Орос Украины асуудлаарх сүүлийн үеийн мэдээллийг хэлэлцэж, Монгол Улсын цаашдын байр суурь, баримтлах бодлогыг ярих юм байна.
Ер нь тэгээд Орос Украин, эсвэл Хятад Америкийн талаар хэн дуртай нь “жиргээд” байх нь хэр зохимжтой вэ гэдгийг анхаарах цаг болсон гэсэн үг. Тэр дундаа Монгол төрийн хар хайрцагны бодлогыг бодолцож суусан экс Ерөнхий сайд нар үүнийг санах ёстой.
Нөгөөтэйгүүр бид тусгаар тогтнол гэдэг ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ойдоо ортол ойлгох учиртай юм. Жижиг буурай, эсвэл геополитикийн нөлөө багатай улс орнуудын тусгаар тогтнол байсгээд л бидний нүдэн дээр ганхаж байна. Манайх шиг дотооддоо “тамын тогооны үлгэр”-ээр амьдардаг улсад аюул тийм ч хол биш. Тиймээс Монгол Улс хаа нэгтээгээс ирж болох ийм хямралд ганхахгүй болох ёстой. Тиймийн тулд тусгаар тогтнолоо улам баталгаажуулах дорвитой алхмыг цаг алдалгүй хийх нь зөв ч байж мэднэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 145 (6877)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АНУ одоо хятадуудыг хооронд нь хядалцужлах ээлжит найраагаа эхэлжээ яасан хүний цусанд цаддаггүй вампирууд вэ. eр нь Амeрикийн удирдагчид цус сорогчоос гаралтай хүмүүс байдаг гэсэн нь үнэн бололтой.
Haha. Chi Hyatad ochij huchin zutgee. Mongoliig harin Mongoloor ni uldeeheerei.
Хаашдаа хүчээ нэг сориод дэлхийн жинхэнэ атаман нь хэнб гэдгээ тодруулчих нь зөв!!
Яааг шавар шавхайтай рашаантын гудамжаараа бодож ярьж бна шүү, нусан таглаа чинь
НТО-гийн бодлогоос үүдэлтэй уг нь байсаар байсан одоо балаг тарисаар л байна ш дээ. Германы 2 дайны үед оргосон фильдмаршал цолтой адмиралууд тусгай онгоцоор дайны төгсгөлөөр америкийн хаа нэг очсон байдаг. Түүний үлдэгдэл үр хүүхдүүдийн удам баадейн байж магадгүй л юм.
Фильдмаршал цолтой адмиралууд!!! Хахаха. Юу ч мэдэхгүй байж багахан бүлтэрмээр
Хуралдахаас биш яахав!!!! Нөлөө бүхии том гүрнүүдиин асуудал!!!! Угаасаа Эх орон ард түмнии төлөөлөл бус энэ гүрэнүүдиин гар хөл 76 !!!! Үндэсэрхэг үзэлтэнгүүд маань үнс чандар болсон!!! Харин одоо та нар хоорондоо ашиг сонирхолын зөрчилд хуралдах биз!!!? Монгол улсыг жааханч болов бодоод дундаа тохироод Алтан дундажыг нь бариад үлдвэл та нарт л өлзиитэй!!!! Ямар эзан нь яахыг хэн мэдэхэв!!!! Харин мэдээ мэдээлэл сайтай их гүрэнүүд Янхан шиг олон талд үйлчилүүлэхгүй л байх!!!! Итгэх итгэл алдарсан Монгол!!!?
Яах бол ер нь дэлхийн 3-р дайны гал асах цаг ойртож байгаа... 2023-2024-2025 гээд улам хүндрэх болнл
Hytad ylwl mongoliin iredui mash burheg amerik ylwl hytad batta mongoloos nuurs awhaa bolij aimr hymral uzne
Dain baildangvi amar taiwan amidarmar bnshde dain gedeg sn zvil bish dain gedeg bol tuhain uls orn en yortontsod orshin togtonhu eswel ustaj vgvi bolhu gedgel shiiddegh zvil dainig hench hvsehgvi