Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн яамны ахлах, дунд шатны удирдах албан тушаалтнууд долдугаар сарын 27-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Хоёр тал 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлан улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл болсон шилдэг залуусыг харилцан илгээж, солилцооны арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцож, ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийг манай талын санаачилгаар 1998 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Япон Улсын Гадаад хэргийн яамны өсөх ирээдүйтэй, ахлах, дунд шатны удирдах албан тушаалтнуудыг Монгол Улсад айлчлуулж, манай улсын гадаад бодлого, соёл уламжлалыг танилцуулдаг билээ.
Япон Улсын Гадаад хэргийн яамны ахлах, дунд шатны удирдах албан тушаалтнууд манай улсад айлчлах үеэрээ Гадаад харилцааны яамны удирдлага болон дипломат ажилтнуудтай нөхөрсөг уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг ирэх 50 жилд хөгжүүлэх талаар санал солилцон монгол соёл, ахуйтай танилцав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.