Төрийн дээд цол, одон хүртсэн эрхмүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.
ТАНГАДЫН ГАЛСАНД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭВ
Соёл, урлаг, утга зохиолын хөгжил, соёлын бүтээлч өвийг хамгаалан дэлгэрүүлэх их үйлсийн төлөө 65 жил тасралтгүй зүтгэж, яруу найраг, орчуулгын 10 гаруй бүтээл, тайз, дэлгэцийн 40 гаруй баримтат болон уран сайхны кино зохиол, олон арван түүхэн болон цуврал боть туурвин ард түмнийхээ оюуны хүртээл болгож, хүн ардыг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хөдөлмөр зүтгэл, уран зохиолыг сурталчлах, сурвалжлан бичих, үндэсний бичгээ дэлгэрүүлэх, эх хэл, өв соёлоо хамгаалах, ёс заншлыг уламжлуулан үлдээхэд хичээнгүйлэн зүтгэж, олон зуун эрдэмтэн, судлаач, шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэхэд үр бүтээлтэй ажиллан орчин цагийн утга зохиолын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Тангадын Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
ХООХОРЫН БАДАМСҮРЭНД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭВ
Геологи, уул уурхайн салбарын хөгжлийн төлөө 37 жилийн хөдөлмөрөө зориулахдаа салбарын бодлого, хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлоход үр бүтээл гарган, уул уурхайн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх, Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр зэрэг уул уурхайн салбарын анхны том үйлдвэр, уурхайг барьж байгуулах, салбарын үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмэр, "КОВИД-19" цар тахлын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ахуйн хог хаягдал, ус, цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, эдийн засаг, аж үйлдвэрлэлийн салбарын хөгжил, дэвшилд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан, Улсын баатар "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
ГАНБОЛДЫН ЭРДЭНЭБИЛЭГТ ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ
Соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээж, 20 гаруй уран сайхны кино найруулан, тайзны урлагийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, нийслэл, хөдөө орон нутгийн олон мянган иргэнд үйлчилсэн хөдөлмөр зүтгэл, кино, драмын урлагийг хөгжүүлэх үйлс, олон улсын кино дэлгэцийн наадмуудаас нэр хүндтэй шагналыг удаа дараа хүртэж, эх орныхоо соёл, урлагийг олон улсад сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Бэлгүтэй пикчерс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилэгт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.