Төрийн дээд цол, одон хүртсэн эрхмүүдийн сэтгэгдлийг хүргэж байна
Д.ГОТОВТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
Галч, монтёроос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж Холбооны яамны сайд хүртэл дэвшин улс эх орондоо 50 шахам жил ажиллахдаа Монгол Улсыг бүрэн холбоожуулах их бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулж, харилцаа холбооны үсрэнгүй хөгжлийг хангах суурь дэд бүтцийг бий болгоход хичээн зүтгэж, Харилцаа холбооны салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах, төгөлдөршүүлэх, салбарынхаа гадаад харилцааг хөгжүүлэхэд гаргасан санал санаачилга, Монгол Улсын дипломат алба, харилцаа холбооны салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Ардын Их Хурлын депутат, Холбоо эрхэлсэн орлогч сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын Гавьяат холбоочин Дахын Готовт Хөдөлмөрийн баатар цол хүртээв.
Д.СОДНОМДОРЖИД АРДЫН БАГШ ЦОЛ ХҮРТЭЭВ
Монгол Улсын боловсролын салбарт 50 шахам жилийн хөдөлмөрөө зориулж, эрчим хүчний салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэлийн үр ашгийн тооцоолол, техникийн шийдлийг гаргахад идэвх санаачилгатай ажилласан, эрчим хүчний салбарын боловсон хүчин, инженер техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, сургалт, заах арга зүйг боловсронгуй болгох, сургалтын орчны материаллаг баазыг бэхжүүлэхэд гаргасан хичээл зүтгэл болон 50 гаруй сурах бичиг, 120 гаруй гарын авлага, олон судалгааны төсөл, 260 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, дээд боловсролын салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Зөвлөх профессор, Төрийн шагналт, Монгол Улсын Гавьяат багш Дарийн Содномдоржид Ардын багш цол хүртээлээ.
Б.НАРАНЗУНД УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЭЭВ
Боловсрол, соёлын салбарт тасралтгүй 30 шахам жил хөдөлмөрлөж, 300 гаруй бүтээл туурвин олон нийтийн хүртээл болгож, олон арван залуу уран бүтээлчдийг бэлтгэн сургаж, ард иргэд, хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх үйлсэд олон арван санал санаачилга гарган ажилласан, соёл урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Лето Мюзик” ХХК-ийн захирал Бадарууганы Наранзунд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.