БХБЯ-наас барилгын материалын үнийн өсөлтийн төсөвт өртөгт нөлөөлж буй тухай магадлагааг хийлгээгүй ААН-үүдийг наймдугаар сарын 1 хүртэл хамрагдах боломж олгон, хугацааг сунгажээ.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:
- УИХ-аас барилгын материалын үнийн өсөлтийн индексийг батлах, тооцож төсөвт өртгийн өөрчлөлтийн талаар санал боловсруулж танилцуулахыг даалгасан. Энэ дагуу БХБЯ болон бусад яамдын оролцоотой ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр өдрийн өмнө УИХ-д танилцуулга хийлээ. Үүнээс өгсөн чиглэлийн дагуу өсөлт тооцогдоогүй үлдсэн төсөл арга хэмжээг богино хугацаанд дахин авч үзэхээр боллоо.
Нийт 1100 гаруй төслөөс 534-ийн үнийн өсөлтийг тооцсон байгаа. Үүгээр 274 тэрбум төгрөг нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэж гарсан. Харин 314 төсөл магадлалд хамрагдаагүй үлдсэн. Гүйцэтгэгч компанийн хариуцлага, цаг хугацааны хувьд амжаагүй асуудлууд байгаа байх. Эдгээрийг нэг удаа дахин нэг авч үзэх чиглэл өгсний дагуу наймдугаар сарын 1 хүртэл дахин нэг удаа авч үзэх бололцоо олгож байна.
Энэ хугацаанд амжуулахын тулд баярын өдрүүдэд ч, амралтын өдрүүдэд ч ажиллах хуваарь гаргасан. Учир нь бид наймдугаар сарын 15-нд 2023 оны улсын төсвийг тооцож, Сангийн яаманд хүргүүлэх учиртай. 2022 оны төсөвт тодотгол хийх цаг хугацааны хувьд бололцоо бага гэдэгт талууд санал нэгдсэн. Иймд дээрх наймдугаар сарын 1 гэхэд бүх асуудлыг базах шаардлагатай.
Магадлалд хамрагдаагүй үлдсэн 314 төслийн 40-50 хувь нь аймаг орон нутагт эрх шилжээд, тэндээс хяналт тавьж байгаа төсөл байна.
Үнийн өсөлт 2021 оноос эхэлсэн. Тиймээс 2021 оны нэгдүгээр сараас хойших бүх ажилд үнийн өсөлтийг тооцож гаргаж байгаа. Аль болох бүх талын судалгааг гаргасан. Нийтдээ 800 гаруй барилгын материалын нэр төрлийг гаргаж, гурван эх сурвалжаас үнийн өсөлтийг тооцож дундаж өсөлтийг гаргасан. Ингээд барилгын материалын төсөвт өртөгт нөлөөлж буй өөрчлөлтийг тооцсон. Цаашдаа гарах өөрчлөлтийг авч үзэх бололцоогүй. Энэ нь үнийн индексээр тооцогдох болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.