СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-05

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүлэгү ханы зуны ордны туурийг олсон судлаачдыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү ханы зуны ордон: БНТУ-ын нутаг буй Аладагийн ордны хайгуул, судалгаа"-ны төслийн удирдагч, доктор Д.Анхбаяр тэргүүтэй судлаачдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Сургууль, Измир Катип Челеби Их Сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид 2022 оны 06 дугаар сарын 12-18-нд Бүгд Найрамдах Турк Улсын Ван мужийн Хан тосгоноос “Аладагийн ордон” хэмээх Ил хаант улсыг үндэслэгч Хүлэг ханы зуны ордны туурийг олж илрүүлжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр Монголын археологич, эрдэмтэд түүхэндээ анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гадаадад хийсэн Монголын эзэнт гүрний дурсгалын хайгуул судалгаа ийнхүү амжилттай болсныг судалгааны багийнхан уулзалтын үеэр хэлж байлаа.

Эртний Перс, Армен хэл дээрх түүхэн сурвалжуудад Ил хаан Хүлэгү одоогийн Турк улсын Ван мужийн бэлчээр сайтай бүс нутгийг “Лавтай сагут” буюу “Лавтай суух” газар хэмээн монгол нэр өгч, 1261-1265 оны хооронд зуны ордноо байгуулсан гэж тэмдэглэсэн байдаг.

Судалгааны ажлын эхний өдрүүдэд эрдэмтэд Ил хааны үеийн шаазан эдлэлийн үлдэгдлүүдийг олжээ.

Судлаачид энэ хайгуулаас ордын дээвэр туурганаас эхлээд эдэлж хэрэглэж байсан ваар сав, уйгарын үеийн хаад ноёдын захиалгаар хийдэг байсан шаазан эдлэл, чулуун ханан дээрх баатар эрийн дүрс бүхий сийлбэр  гэхчлэн судалгааны үнэт олдворуудыг олж илрүүлжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Манай улсын археологич, эрдэмтийн олон жилийн нөр их судалгааны ажлын үр дүнд өмнө нь судлагдаагүй байсан Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсын нэг болох Ил хаант улсыг үндэслэгч, Чингис хааны ач хөвүүн Хүлэгү ханы зуны ордныг нээн илрүүлсэн нь Монголын төдийгүй дэлхий дахины түүх, археологийн судалгаанд чухал нээлт боллоо. Цаашид судалгааны ажлыг эрчимжүүлж, олон түүхэн олдворыг нээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд ажлын амжилт хүслээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.