СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2022-06-26

БОАЖЯ, “Рио Тинто Монгол” компани уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд хамтарч ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Рио Тинто Монгол” компани уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, 2022-2026 онд хамтран ажиллахаар боллоо.

Ингэхдээ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцын хэрэгжилтийг хангахад дэмжих, байгаль орчны салбарт олон улсын сайн туршлагыг хуваалцах, судалгаа, шинжилгээ хийх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын үйл ажиллагаанд хамтран оролцох, зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Хүлэмжийн хийн ялгарал, дэлхийн дулаарал, цөлжилт зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг дэлхийд чухалчлан үзэж, олон улсын хамтарсан хүчин чармайлт гаргаж буй энэ цаг үед төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах санамж бичиг байгуулж байгаа нь Монгол Улсын хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, хот, хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал алхам болж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тэмдэглэж байв.

Монгол орон газар зүйн байрлал, уур амьсгалын онцлог болоод эдийн засгийн салбарууд нь цаг агаар, уур амьсгалаас хараат байдгаас үүдэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй орны тоонд ордог. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үндэсний хэмжээнд онцгой анхаарч, Шинэ сэргэлт, ногоон хөгжлийн бодлогодоо тусган хэрэгжүүлж байгаа. Санамж бичиг байгуулснаар үндэсний хэмжээний зорилтуудаа биелүүлэх, НҮБ-ын “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрт “Рио Тинто” компанитай хамтран ажиллана гэж нэмж хэллээ.

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, цаашид хийх ажлын төлөвлөлт, хэрэгжилтийг ханган, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, 2030 хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад хувь нэмэр оруулах үр ашигтай төсөл хэрэгжүүлэхийг зорих юм байна.

Талууд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгасан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд 2025 он хүртэл дэвшүүлсэн зорилтыг биелүүлэх, энэ чиглэлээр олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй цогц шийдлийг тодорхойлоход хамтран ажиллана.

Дэлхийн дундаж температур сүүлийн 100 жилд 0.86°С-ээр дулаарсан бол манай орны хувьд сүүлийн 80 жилд жилийн дундаж хэм 2.25°С-ээр нэмэгдсэн нь 2.5 дахин их байна.

Монгол Улсад хүчтэй салхи, цасан шуурга, аадар бороо, аянга цахилгаан, үер, ой хээрийн түймэр, ган, зуд зэрэг цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.