2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд Боловсролын үнэлгээний төвийн удирдлагууд ЭЕШ-ын явцын талаар мэдээллээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат:
- Их дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүх хичээлээр өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ жил 36253 шалгуулагч байгаагаас энэ жилийн төгсөгч 29200, үлдсэн 7000 гаруй нь өмнөх төгсөгчид байна.
Шалгуулагчдын дийлэнх нь 80 хувь англи хэл, нийгэм, математикийн хичээлээр шалгалт өгч байна.
Нийт 49 шалгалтын байр, 2800 орчим багш, ажилтнууд, цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.
Өнөөдрийн түүхийн хичээлийн шалгалтад хоцорсон тохиолдол гарсангүй.
ЭЕШ-ыг зургаа болон арванхоёрдугаар сард буюу жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Түүнээс гадна олон улсын дүн оноог Монгол Улсын ЭЕШ дүн оноотой дүйцүүлэх, түүгээрээ дотоодын их сургуульд элсэх боломжийг энэ жилээс бүрдүүлсэн. Энэ жил 560 орчим шалгуулагчдад олон улсын дүнг дүйцүүлсэн батламж хуудас олгоод байна.
Түүнээс гадна өнгөрсөн хоёр жилийн 100 хувь цахимын сургалтын улмаас хоцрогдлыг арилгах, мэргэжлийн сэтгэлзүйчдийг ажиллуулах, шалгуулагчдад зөвлөгөө өгч ажиллаж байна.
ЭЕШ-ын зорилго нь шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаахад чиглэсэн уралдаант шалгалт бөгөөд үр дүн нь 2.5 жилийн хүчинтэй байдаг. Оноог гаргах аргачлал нь тухайн жил шалгалт өгсөн шалгуулагчдын оноотой л харьцуулагддаг гэдгийг тодотгомоор байна.
Шалгуулагчдын дүн оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг.
Шалгалтын дараа байр бүрд шалгалтын дүн тухайн өдрөө гарах ба нэгдсэн жагсаалтыг БҮТ-ийн eec.mn сайтад олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
ЭЕШ-ыг зургаадугаар сарын 23-26-н хүртэл авах ба 28-ны өдрөөс эхлэн цахимаар батламж хуудсаа шууд хэвлэн авах боломжтой. Мөн ТҮЦ машинаас дүн онооны батламж хуудсаа хэвлэн авч болно
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.