Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:
- Засгийн газраас барилгын материалийн үнийн өсөлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлд магадлал хийх үүрэг даалгаварыг өгсөн. Ажлын хэсэг байгуулсан. Монгол Улсад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа төсөл арга хэмжээ тоог гаргасан.
2021 оны зургаадугаар сараас эхлээд өссөн үнийн өсөлт барилгын салбарт олон сорилтыг авчирсан. Улсын төсвийн бус эх үүсвэртэй болон төсөл арга хэмжээний давхцал зэргээс шалтгаалан 31 төсөл арга хэмжээ хасагдаж, 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 1222 төсөл арга хэмжээний жагсаалтыг эцэслэсэн. Төсөв ерөнхийлөн захирагч сайд нараас зургаадугаар сарын 15-нд 271 төсөл арга хэмжээг хасуулахаар холбогдох мэдээллээ өгөөд байна. Миний хувьд нэгтгэх үүрэгтэй. Ингээд нийт 851 төсөл арга хэмжээг нэгтгээд компани тус бүрээр дүгнэсэн дүнг өнөөдөр өглөө гаргалаа.
524 төсөл арга хэмжээн дээр магадлал хийсэн. 327 төсөл арга хэмжээ магадлалыг ирүүлээгүй. Бүх барилгын компаниуд зургаан сарын хугацаанд зураг төсөл дээрээ магадлал хийлгэхийг мэдэж байгаа.105 компанийн баримт бичгийн бүрдэл дутуу байсан.
Гадаа зогсож байгаа барилгачдын зовлонг ойлгож байна. 524 төсөл арга хэмжээнд магадлал хийхэд 270 орчим тэрбум төгрөгийн үнийн зөрүү гарч ирж байна. Уг асуудлыг Засгийн газрын хуралд өнөөдөр танилцууллаа, ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина. Үнийн зөрүүг улсын төсөвт суулгах асуудлыг ярьж эхэлнэ.
Давагдашгүй хүчин зүйлс бүгдэд нөлөөлж байгааг бүгд ойлгох хэрэгтэй. Зарим барилгын компаниудаас тээвэр, цалингийн асуудлыг бодохгүй байна гэж хандаж байгаа. Бидэнд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх л тоо хэмжээ бий.
Нэг тэрбум 999 сая төгрөгийн дүнтэй Соёмбо цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл арга хэмжээг хариуцаж байгаа компани бий. Тухайн компанийн үнэ 460 сая төгрөгөөр өссөн байна. Баянхонгор аймагт хүүхдийн сургууль барьж компанийн өртөг нэг тэрбум төгрөгөөр өссөн байна.
Зарим нэг компаниуд барилгын ажил гүйцэтгэх үнийн дүнгээ өсгөж орж ирж асуудал үүсгэж байсан. Нуугаад яахав ийм зүйл гарсан.
Тухайн төслүүдийн ихэнх нь 2021 оноос өмнө авсан. 781 барилгын материалын үнийн өсөлтөөр магадлалыг хийсэн.
Барилгын салбарын ажилчдын цалин нэмэгдээгүй олон жил болж байна. Барилгачдын цалинг зайлшгүй нэмэх ёстой. Гэхдээ яг энэ цаг үед бүх асуудлыг нэг дор шийдэх боломжгүй. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой асуудлыг тооцлоо. Үнийн өсөлтөд тээвэрлэлт бас ороод явж байгаа. Барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй. Эдийн засгаа том өнцгөөр нь харах хэрэгтэй.
Цементийн үнийг сүүлийн хоёр жил өсгөөгүй. Дотоодын үйлдвэрлэлийг тавхан хувиар өсгөж ажиллаж байсан. Цементийн үнэд хөдөлмөрийн хууль, тоног төхөөрөмжийн элэгдэл нөлөөлдөг. Томоохон үйлдвэрүүд тулгамдаж буй асуудлаа ярьж байна. Тухайлбал, МАК буталбарын үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж чадахгүй, Эрээн дээр гацаад байна гэдэг. Бид энэ хил, гаальтай холбоотой асуудалд анхаарлаа хандуулсаар байна. Маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Төв аймгийн Сэргэлэн суманд үйл ажиллагаа явуулдаг Хятадын улсын хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр зогсчихоод байна. Тус үйлдвэр Улаанбаатар хотын жижиглэнгийн бизнесийг хангадаг байсан. Дөрвөн том үйлдвэрийн нэг нь ашигггүй байна гээд хаагдах дээрээ тулчихаад байна.
Хөтөлийн цементийн үйлдвэрийнхэнтэй ярьсан. Уг үйлдвэрт засвар хийж байгаа энэ сарын 20 гэхэд ашиглалтад оруулна гэж мэдэгдсэн.
Цементийн үйлдвэрлэгч нартай уулзаж үнийг барих асуудлыг ярьсан ч тээвэрлэлтийн асуудал саад болж байна. Бид үйлдвэрлэгчидтэйгээ хамтарч асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.