Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тус хэвлэлийн хуралд С.Эрдэнийн талынхан гэгддэг О.Баасанхүү, Ч.Өнөрбаяр, Ч.Отгочулуу нар оролцлоо.
Ардчилсан намын бүлгийн хуулийн зөвлөх О.Баасанхүү:
- Нөхцөл байдал маш хүнд байна. Налгар зуны цаг эхэлчихлээ. Налайгаад амарч зугаалаад юманд анхаарахаа больчихдог. Ялангуяа баяр наадмаар хэрэггүй зүйл ярихгүй, муу амлахгүй гэдэг. Гэтэл ноцтой зүйл үүсээд байгаа тул хэлж анхааруулахаас өөр арга алга. Үндсэн хуулиа өөрчлөхөөр ярьж байна. Гэтэл тус өөрчлөлтийг Төрийн ордны хуйвалдааны байдлаар хийх хандлага руу явж байна.
Г.Занданшатар байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх асуудал байж болохгүй. Энэ бол ёсзүйгүй үйлдэл гэж хэлмээр байна. АН-ын хуулийн багийнхан Г.Занданшатарын ноцтой асуудлыг удахгүй гаргаж тавина. Ордны хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг авах гэсэн увайгүй хүмүүс Үндсэн хуульд халдахыг бид хэрхэвч зөвшөөрөхгүй.
Тэр тусмаа зарим нэгэн этгээдүүдтэй нийлж АН-ын бүлэгт халдсан. Хууль бус зүйл хийж байгаатай хатуу тэмцэнэ. Өмнө нь МАН, АН-ын бүлгийг задалж байсан. Одоо бас тийм арга хэрэглэж байна. Удахгүй чуулган тарах гэж байна. Олигтой хууль хэлэлцээгүй. Д.Цогтбаатар гутал хувцасны хууль ярьж байсан бол Г.Занданшатар нохой муурны тухай хууль өргөн барихаар ярьж байна. Гэтэл Монгол Улсын өрийн асуудлыг яах вэ. Өрөндөө газар нутгаа алдах эрсдэл үүсээд байна. Хил гааль, бараа бүтээгдэхүүний үнээ яах вэ. Элчин сайд нар ажлаа хийж чадахгүй байна. УИХ-ын бүрэн эрх хэрэгжих чадамжгүй байна. Иймэрхүү байдалтай байвал УИХ-ыг тараах алхам хийнэ.
Ардчилсан намын Дэд дарга Ч.Отгочулуу:
- Эдийн засгийн нөхцөл байдал сараар, өдрөөр биш цагаар мууддаг болсон байна. Бензиний үнэ дахиад өсчихлөө. Үнийн өсөлт хяналтаас гарах нөхцөл бүрдчихсэн байна. Өнөөдрийн чадамжгүй засгийн газар бүх асуудлаа гадаад орчин руу чихсээр байна. Дэлхий эдийн засагт том хямрал нүүрлээд байна. Энэ нь хэдхэн сарын дараа манай улсад мэдрэгдэнэ. Хулгай дээрэм хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Гэтэл эрх баригч намынхан, яам агентлагийн дарга нар найр наадамдаа бэлдээд хөдөө гадаа зугаалж байна. Бидэнд давхар цохилт ирэхэд ойрхон байна.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
- Эрх баригчид авлигал, бүх юмны бурууг Үндсэн хууль руу чихээд өнгөрөх гэж байна. Хэрэггүй юмаа чихдэг хогийн сав биш шүү дээ. Г.Занданшатарт анхааруулахад хоёр жилийн өмнө баахан юм хийгээд Үндсэн хуулийг арван жил хөдөлгөхгүй гэж ярьж байсан. Үндсэн хуулиар оролдоно гэдэг бол Монгол Улсаар тоглох гэж буй хэрэг шүү. Бид та нараар үндсэн хуулиа тоглуулахгүй. Дээрээс нь Ерөнхий сайд “Энэ цаг үеийг сонгож Ерөнхий сайд болохгүй байсан” хэмээн ярьж байсан. Та нарыг хэн гуйж ажиллуулаад байгаа юм. Та нар төрийн ажлыг ялархаж хийж болохгүй. Та нар УИХ-аа тарааж жүжиг тавих гэж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдруулсаар иргэд туйлдлаа. 200 мянган төгрөгөөр нэг тор хүрэхгүй хүнс худалдан авч байна. Үндсэн хууль гэж сүгсэлзэж гүйх хэрэггүй. Ард түмэн та нарыг хараагаад сууж байгаа. Та нар монголынхоо төлөө зүүдэлж сэрэх ёстой. Нохой салхилуулаад, аз жаргалтай гүйгээд байх юм. Ямар их завтай юм. Бид та нарын амар заяаг үзүүлэхгүй ээ. Л.Оюун-Эрдэнээ чамайг ард түмэнтэйгээ шахна. Та нар зургаан жилд юу ч хийгээгүй. Уул нь улсын зовлон болоод байгаа асуудлаг яаралтай горимоор хэлэлцдэг. АН-ын бүлгийн асуудлыг яаралтай горимоор хэлэлцлээ. Манай намын асуудал та нарт “падлий” ч байхгүй. Хавар та нарыг залуус “ажлаа хий” гэж шахсан. Эргээд та нар араас нь нулимж байна. Худлаа гэвэл дарга нар бензиний үнэ нэмэгдсэнийг мэдэхгүй. Удахгүй та нар ууртай ард түмэнтэй тулахад ойрхон байна. Үндсэн хуулийг өөрчлөөд хуурна гэвэл тийм зүйл байхгүй гэдгийг сануулаад хэлье. Монголын төр та нарыг эрхэлдэг газар биш. Ажлаа хийж чадахгүй юм бол УИХ-аа тараа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.