Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.Жил бүрийн 6 дугаар сарын 17-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр дэлхийн ган, цөлжилтийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Гангийн үр дагаврыг хамтдаа давъя” уриан дор тэмдэглэж байна.
Монгол орны нийт нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа. Түүний 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй, 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг байна.
Сүүлийн 75 жилд газрын гадарга орчмын агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулааран, жилд орох хур тунадасны хэмжээ 7 хувь орчим багасжээ. Хангайн бүсэд дунджаар 10 жилд 1-2, говийн бүсэд 2 жилд 1, хээрийн бүсэд 3 жилд нэг удаа болдог ган, хөрсний усаар болон салхиар эвдрэн өөрчлөгдөх болсон нь манай орны цөлжилтийн нөлөө гэдгийг БОАЖЯ-аас мэдээлж байна.
Дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулахаар 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталж, 195 улс орон нэгджээ.
Манай улсын хувьд 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг юм. Монгол Улсын Засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг баталж газрын доройтол болон цөлжилттэй тэмцэж байв.
Мөн 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн байна.
НҮБ-ын санхүүгийн дэмжлэгтэй Монгол орны малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бэлчээрийн менежментийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн 23.1 сая ам.доллар санхүүжилтийн төслийг Ховд, Дорнод, Завхан, Сүхбаатар аймагт, Монгол орны зүүн бүсийн хуурай хээрийн экосистемийг хамгаалах, газрын доройтлыг сааруулах зорилгоор Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн цөлжилт ихтэй зарим сумуудад НҮБ-ын Даян Дэлхийн байгаль орчны сангийн 5.3 сая ам.долларын санхүүжилтийн төслийг тус тус өнгөрсөн онд эхлүүлжээ.
2020-2021 онд цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй, хүчтэй өртсөн Ховд, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудын 235 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах, элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, булаг шанд тохижуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.
2022 онд Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий аймагт цөлжилт, газрын доройтлыг бууруулах, элсний нүүлтийг сааруулах ажлыг хийхээр төлөвлөжээ.
Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь доройтолд өртөөд байгаа. Эдгээр бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг багасгах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогддог байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.