Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахарын хэрэглээг 25 гр гэж Эрүүл мэндийн яамны зөвлөмжид заасан.
Тэгвэл худалдаанд байгаа “Хүүхдийн баяр”-т зориулан багцалсан нэг уут бэлгэнд ойролцоогоор 412 гр сахар агуулагдаж байгаа нь дээрх хэрэглээнээс даруй 16 дахин их юм. Тухайлбал, 1 жүүс, 1 жигнэмэг, 1 шоколад, 3 төрлийн чихэр зэрэг зургаан ширхэг бүтээгдэхүүнтэй уут бэлгэнд энэ хэмжээний сахар агуулагдаж байгаа аж.
Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдэд цатгалан мэдрэмж төрүүлэн хоолны дуршлыг бууруулдаг. Улмаар шим тэжээллэг хоол хүнс идэхээс дургүйцэх, зөвхөн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг идэх дуршилтай болж, шүдний өвчлөлд өртдөг.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ бэлэг сонгохдоо сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас аль болох татгалзахыг уриалж байна.
Хэрэв худалдаанаас ууттай бэлэг сонгож буй тохиолдолд уутанд багцалсан хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авахыг зөвлөж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний 28 үйлдвэр, 177 супермаркет, 35 худалдааны төвд хяналт шалгалт хийхэд 281 зөрчил илэрчээ. Илэрсэн нийтлэг зөрчлөөс дурьдвал:
- Ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаагүй
- Дотоод хяналтын журмаа мөрдөж ажилладаггүй
- Хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, хаяг шошгонд Англи, Монгол, Орос хэлээр бичигдсэн санамж байрлуулаагүй
- Нялх балчир хүүхдийн нэмэгдэл хоолны шошгонд 6 сар хүртэлх насны хүүхдэд өгч болохгүй талаарх анхааруулга байрлуулаагүй
- Зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, ахуйн барааг хүнсний бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэдэг, тээврийн хэрэгсэлд ариутгал цэвэрлэгээ хийдэггүй, жолооч, түгээгч нь эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамрагдаагүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.