СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн хэлний шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХХҮЕГ-аас өгөв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэлийн талаарх мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өглөө.

ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Э.Ганбат:

-БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн газартай хамтран ажиллах хүч илгээх ажиллагааг манай газар зохион байгуулдаг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг энэ сарын 26-ны өдрийн өглөөний 09:00 цагт нээхээр ажиллаж байна. Өмнө нь дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байсан ч серверийн ачааллын улмаас үндсэн бүртгэлийн үйл ажиллагаа хүчингүй болсон.

Энэ удаагийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг цахимаар авна. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системээр 2022 оны 05-р сарын 26-ны өдөр явагдах бөгөөд системийг 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдана.

-Энэ удаад хичнээр иргэн бүртгэх вэ?

-4500 иргэн бүртгэнэ.

ХХҮЕГ-ын Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах:

-Шалгалтын хураамж 24 ам.доллар хэвээрээ байгаа. Харин 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 28 ам.доллар болж нэмэгдэнэ. Яагаад гэвэл БНСУ өөрөө 16 орноос ажиллах хүч авдаг. Жигд байдлаар хураамжаа зохицуулах болсон. Хоёр хоногийн дараа авах шалгалтын бүртгэл өмнөх үнээрээ байгаа.

-4-р сарын 25-ны өдөр систем гацсантай холбоотойгоор иргэдээс шүүмжлэл гарч, шаардлага өгсөн?

-25-ны өдөр хийсэн цахим бүртгэлтэй холбоотойгоор хоёр янзын шаардлага ирсэн л дээ. Бүртгүүлсэн хэсэг, бүртгүүлээгүй хэсгээс гээд. Бид аль аль талыг харгалзан үзээд 25-ны өдрийн цахим бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгосон. 1300 орчим бүртгүүлсэн иргэдийн мэдээллийн дагуу төлбөрийг буцаан хийсэн. Иргэд e-halamj.mn гэсэн халамжийн нэгдсэн системд хандаж өнөөдрөөс танилтын системд өөрийгөө оруулах ёстой. Тав дугаар сарын 26-ны өдөр регистрийн дугаараа хийж бүртгүүлэхээр программаа сайжруулсан байгаа. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт гэсэн хэсэг рүү орж регистрээ хийхэд Хур, Дан системээр таньж овог нэр, бүртгэлтэй утасны дугаар тань гарч ирнэ. Утасны дугаараа солих боломжтой. Бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг хамгийн сүүлийн хувилбараар оруулсан. Бүртгүүлээгүй иргэд овог, нэрээрээ орж утасны дугаараа солих шаардлагатай. Төлбөрөө төлж байж иргэдийн мэдээлэл баталгаажна. 

ХХҮЕГ-ын Мэдээлэл, технологийн төвийн дарга Д.Даваажаргал: 

-Тавдугаар сарын 26-ны өдөр e-halamj.mn системээр дамжуулан бүртгүүлнэ. Бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл нээлттэй харагдаж байгаа. Төлбөрөө төлсний дараа үндсэн бүртгэл баталгаажна. Иргэн бүртгүүлээгүй бол "Бүртгүүлэх" товчийг дарж РД-аа оруулна. Овог нэр, цахим шуудан, утасны дугаараа бичнэ. Утасны дугаар дээр бүртгэлийн код нууц үг очих учраас үнэн зөв бөглөх ёстой. 

"Бүртгүүлэх" товчийг дарсны дараа тухайн иргэнд и-мэйл очно. Нууц үгээ шинэчлэх ёстой. Сольсны дараа тухайн иргэн нэвтрэлтийн системээр дамжуулан e-halamj.mn системд нэвтэрч орно. Дээрээсээ 3 дахь цэс 26-ны өдөр нээгдэнэ. Хүсэлт гаргах зааврыг зурган байдлаар оруулсан. Тухайн өдрийн бүртгэл хийгдсэн, баталгаажсан тоог оруулсан байгаа. Хүсэлт гаргасны дараа тухайн иргэний мэдээлэл Хур системээс татагдан орно. Хоёр дахь утасны дугаараа оруулах ёстой. Хадгалах товчийг дарна. Дараа нь "Таны хүсэлтийг хүлээж авсан" гэсэн мэдээлэл гарсны дараа төлбөр төлөх зааварчилгаа гарч ирнэ. Банкны апп болон бусад мэдээлэл тодорхой бий. Төрийн банканд очиж биеэр төлсөн ч болно. 

-Иргэдийн зүгээс эргэлзэж буй зүйл нь серверт өглөөний 9:00 цагт 6000 хүн хандсан байсан бол 14:00 цагт 190 000 хүн хандаж сервер унасан гэж байсан?

-e-halamj.mn систем бол 2020 оноос хойш хөгжүүлж буй халамжийн 72 үйлчилгээний 34 нь орсон, сард 2,0 сая орчим иргэн ханддаг том систем. Үүнийгээ түшиглэж цахим бүртгэлээ хийх гэж байна. Хоёр удаагийн ачааллын тест хийсэн. 

-Иргэдийн зүгээс бүртгүүлсэн л бол БНСУ-д очиж ажил хийх нь гэж ойлгодог?

-Бүртгэл хийгдсэнээр солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орох эрх авсан л гэсэн үг. Ирэх наймдугаар сард хэлний шалгалтаа авна. Онооны аргачлалаар 350 хүртэлх иргэнийг хүний нөөцөд бүртгэнэ. Системд байршсанаар БНСУ-ын талаас санал тавина. Үүний үндсэн дээр БНСУ руу илгээх ажиллагаа эхэлнэ. 

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

-18- 39 настай байх (1982 оны 5 дугаар сарын 26-наас 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);

-Хорих ялтай, эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;

-БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;

-Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

-Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)

-Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)

-Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх;

Бүртгүүлэхэд урьдчилан бэлтгэх зүйл:

-Цээж зураг (Хуулбарыг файлаар бэлтгэх) Хэрэв цээж зураг нь гадаад пасспорт иргэний үнэмлэхнээс өөр байвал шалгалт өгөх боломжгүй болно. 10-15 kb хэмжээтэй файл (100~300 пиксел. Jpg) Цээж зургийг цагаан дэвсгэр дээр бараан хувцастай авахуулсан байна. (сүүлийн 3 сарын дотор).

-1 хувь цээж зураг (хэмжээ 3,5*4,5см)-ийг файлаар урьдчилан бэлтгэсэн байх. Өөрийн цээж зургийг селфи хэлбэрээр болон бусад шаардлага хангахгүй байдлаар оруулсан тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгоно.

-Гадаад паспорт (иргэний үнэмлэх)-ын хуулбарын файл

-Овог, нэр англиар /латин үсгээр/ бичигдсэн байна.

-СХТТШ-нд бүртгүүлэх үеийн хувийн мэдээлэл паспортаас зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болох ба энэ нь бүртгүүлэгчийн хариуцлагатай холбоотой тул бүртгүүлэхээсээ өмнө гадаад паспортыг бэлтгэхийг зөвлөж байна.

-Бүртгүүлэх үед тэмдэглэсэн англи овог нэр, төрсөн он, сар, өдөр, хүйс, цээж зураг зэрэг нь дараа тухайн иргэнийг Cолонгос Улсад ажилд зуучлахад ашиглагдах бөгөөд өөрчилж солих боломжгүй.

-Бүртгүүлэх үед тэмдэглэсэн англи овог нэр, төрсөн он, сар, өдөр, хүйс, цээж зураг зэрэг нь дараа тухайн иргэнийг Cолонгос Улсад ажилд зуучлахад ашиглагдах бөгөөд өөрчилж солих боломжгүй.

-Бүртгэлийн хураамж: 24 америк доллартай тэнцэх монгол төгрөг

-Бүртгэл зарлагдсан өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцож Төрийн банкинд тушаана.

-Бүртгэлийн хугацаанд өөрийн бүртгэлийг цуцлуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд бүртгэлийн хугацаанд (2022 оны 5 сарын 26-31-нд) цуцлуулах хүсэлт гаргаж, хураамжийг буцаан авах боломжтой.

-Онооны тогтолцоо нь солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл (өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн бүтэн байдал зэргийг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ажил үүрэг гүйцэтгэх чадвар гэх мэтээр шалгуулагч бүрийн чадварыг үнэлэх нэгдсэн үнэлгээний арга юм.

-Шалгалт өгөх хуваарийг 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр зарлана. Шалгалт 2022.08.22 ~ 2022.09.27 хооронд явагдана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.