Монголын үндэсний бөхийн холбоо, “SPS HD” телевиз хамтран энэ цаг үед ид сайн барилдаж байгаад бөхчүүдийг хамруулсан “Үндэсний цомын төлөөх багийн барилдаан”-ыг зохион байгуулахаар болжээ.
Тус багийн барилдаан нь 21 аймаг, есөн дүүрэг, Улаанбаатар хотын багийг хамруулах бөгөөд төслийн гол зорилго нь үндэсний бөхийн дэлхийн жишигт хүрсэн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн шинэ залуу оддыг төрүүлэн тодруулах, цоо шинэ хэлбэр хийцтэйгээр үзэгчдэд хүргэх, үндэсний спортын топ контентийг бий болгох аж.
Багийн бүрэлдэхүүнд тухайн аймаг, дүүргийн харьяаллын бус бөх легионер тамирчны хувиар барилдаж болох гэнэ. Ингэснээр багуудын хүч тэнцвэржиж, үзүүштэй олон барилдаан гарна гэж үзжээ. Энэхүү төсөл 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сар хүртэл нийт есөн сарын хугацаанд үргэлжлэх гэнэ. Энэ хугацаанд багийн 52 барилдааныг зохион байгуулж, үндэсний цомын аварга багийг тодруулна. Нийт шагналын сан 650 сая төгрөг.
Баг тус бүр үндсэн таван гишүүнтэй байх бөгөөд сэлгээний нэг тамирчинтай байна.
Оролцогч 32 баг урьдчилсан нэгдүгээр шатанд сугалаагаар хүч үзнэ.
Энэ шатанд хоёр ялалт авсан шилдэг найман баг тойргийн барилдаанд өрсөлдөх эрхээ авна.
Тойргийн барилдаанд шалгарсан баг бусад долоон багтайгаа тойргоор барилдана.
Хожсон баг 3 оноо авах бол хожигдсон баг 1 оноо авна.
Тойргийн барилдаан дуусахад хамгийн олон оноо цуглуулсан баг “МҮБХ” Үндэсний цомын ялагчаар тодорно.
Тэгш тоотой сар бүрийн эхний 12 хоногт “МҮБХ” Үндэсний цомын барилдаанууд Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдааны үргэлжлэх хугацаа найман минут байна. Энэ хугацаанд багтаж барилдаанаа дуусгавал давааны мөнгөө бүрэн авна. Харин барилдааны хугацаа 8 минутаас хэтэрвэл давааны мөнгө шатлан хасагдана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.