"Илүү их уншъя" уриатай 31 дэх удаагийн Үндэсний номын баяр өнөөдөр болж байна. Номын баярт дунджаар 50 мянган хүн зочлон ирдэг бөгөөд энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх юм.
Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч О.Чинбаяр:
-Манайхаас эрхлэн гаргадаг "Шилдэг ном" цуврал 31 дэх удаагаа Номын баярт оролцож байна. Энэ жилийн хувьд ОХУ-аас 12 зохиолч ирж байгаа нь хамгийн их онцлогтой юм уу даа. ОХУ-ын зохиолчдоос ийм олон хүний бүрэлдэхүүнтэй ирсэн анхны тохиолдол нь энэ байх. Зохиолчид маань гурав хоногийн шахуу хөтөлбөртэй ирсэн. Та бүхэн 147-148 дүгээр асраар зочилж, тэдний сонирхолтой илтгэлийг сонсох боломжтой.
СГЗ, зохиолч Б.Шүүдэрцэцэг:
-Хуульчлагдан батлагдсан учир Номын баяр энэ жилийн хувьд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна. "Хотулун гүнж" УСК-ны зураг авалт гурав дахь жилдээ үргэлжилж байгаа учир шинэ роман бичиж амжаагүй ч дахин хэвлэсэн "Ану хатан" болон бусад зохиолоороо оролцож байна.
"Хотулун гүнж" УСК-ны киноны хувьд яг одоо БНФУ-д зохиогдож байгаа Канны наадмын кино худалдааны зах зээл дээр оролцож байна. АНУ-д болсон А зэрэглэлийн кино наадамд мөн оролцож, дистрибьютер компанитай гэрээ байгуулахаар болсон. Өнгөрсөн баасан гарагт гэрээндээ гарын үсэг зурлаа. Ингэснээр Латин-Америкийн 50 улсад борлуулагдах, гарах боломжтой болсон.
-Монголчууд сүүлийн жилүүдэд их уншдаг болсон гэж ярьдаг. Үүнтэй та санал нийлэх үү?
-Би энэ үгэнд их дургүй. Яагаад гэвэл энэ бол худлаа. НҮБ-аас гаргасан "Ном их уншдаг" улсуудын тоонд Монгол улс ордоггүй, орж ч байгаагүй. Монголчууд бусад улстай харьцуулахад маш муу уншдаг. Финлянд улс тэргүүлдэг. Гэтэл энэ улсын хүн ам хамгийн сэтгэл хангалуун амьдардаг. Уншдаггүй улс хөгждөггүй. Үүнийг арилгахын тулд татварын хууль, номын шимтгэлийг бууруулах ёстой. Ингэвэл уншигчид нэмэгдэнэ.
СГЗ, зохиолч Б.Сарантуяа:
-Сүүлийн жилүүдэд Номын баяр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг болсноор орон даяар, өргөн дэлгэр болдог болсон. Уншигчид маань ч авах номоо мэддэг болсон. Хэдхэн хоногийн өмнө бичиж дуусгасан "Сондгой цагаан сувд" романаараа оролцож байна. Энэ шинэ бүтээл маань нэгэн гэр бүлийн 100 жилийн түүхийг харуулсан сонирхолтой роман болж чадсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.