СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-05-20

ЧУУЛГАН: Допингийн шинжилгээний хариу гарсны дараа бөхийн цол олгодог болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын өнөөдрийн чуулганаар ХЗДХЯ-наас боловсруулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан байна. Тодруулбал Үндэсний их баяр наадамд эрлийз морь уралдуулахгүй, бөх, сурын харваачийн допингийн шинжилгээний хариу гарсны дараа Ерөнхийлөгч улсын цол олгодог болох зохицуулалт оруулжээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Хурдан морины стандарт гэдгийг юу гэж үзээд байгаа юм. Монгол адуу, эрлийз адууг тусад нь уралдуулна гэж болохгүй юу. Стандартад нийцсэн адууг уралдуулна гэж бичихээр яаж ялгах вэ. Алслагдсан дүүрэг наадам зохион байгуулаад аймгийн цол өгөөд байгааг хэрхэх вэ. Допингийн шинжилгээг Монголдоо хийх боломж байгаа юу?

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

- Зөвхөн алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багануур дүүрэг наадмаа хийж ирсэн. WADA-гийн дүрмийн дагуу Монгол Улс өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээгээ хийдэг боломжтой болох ёстой. Үндэсний спортыг мэргэжлийн спорт болгох хэрэгтэй. Монголд адууны гурван янзын стандарт бий. Үйлдвэрлэг байдал, сэрвээний өндөр, сүүлийнх нь энэ хоёрыг нийлүүлсэн стандарт гэж. Даагыг 120 см-ээс өндөргүй гээд стандарт тогтоосон байдаг. Үйлдвэрлэг байдлаар стандарт тогтоох нь асуудал дагуулдаг юм билээ. Цаашид бид Тэр хүртэл шилжилтийн үеийн буюу сэрвээний өндрөөр хэмжээд уралдуулна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

- Алслагдсан дүүрэг аймгийн цол олгох хэрэгтэй. Яагаад сумын цол олгох ёстой юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

- гэж төлөвлөж байгаа. Бооцоот морин уралдааны хуулийг тусад нь бичихээр төлөвлөж байгаа. Дүүргүүд 256-128 бөхийн барилдаан хийдэг нь сумын цол өгөхөд чамлалттай. Таны хэлдэг дүүргийн цол өгөхөд бас болохгүй зүйлгүй учраас хэлэлцүүлгийн шатанд яриад явъя.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 

- Алслагдсан гурван дүүргийн ялгаатай авч үзсэн хууль санаачлагчид баярлалаа. Яагаад гэхээр, нийслэлийн төвийн зургаан дүүргийнхэн наадмаа улсын баяртай хамт хийдэг. Алслагдсан гурван дүүрэг яг аймагтай адил. Дүүргийн наадамд барилдсан бөхөд аймгийн цол өгөх гэхээр томдоод байдаг. Сумын наадмын цөл өгөх гэхээр суманд 32, 64 бөх барилддаг бол дүүргийн наадамд 256 бөх барилддаг. Доод тал нь 100 гаруй морь уралддаг. Нийслэлийн дүүрэг гэдэг утгаар алслагдсан гурван дүүргийнхэн улсын баяр наадмын цол зэрэг хүртэх, баяр наадмаа тэмдэглэх эрхээсээ хязгаарлуулах ёсгүй.  

ХЗДХ-ийн Х.Нямбаатар:

- Монгол Улсын газар нутаг, нүүдлийн соёл иргэншлээс шалтгаалж эрх зүйн зохицуулалт хийхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс шаардлагатай үед аймгуудын наадмыг хэдийд зохион байгуулахыг Засгийн газар шийдвэрлэх боломжтой. Тэгэхгүй бол аймаг, аймгийн наадам хэсч будлиан үүсгэх асуудал үүсэх эрсдэлтэй.Морины сэрвээний өндрийн тухайд мөн судалж үзсэн. Хэрэв хууль батлагдвал лазераар харваж буудаж тодорхойлдог төхөөрөмжтэй болно. Дараагийн асуудал бол бөхийг спортын төрөлд тооцох тухай. Бөхийн холбооны байр суурь нь бөхөд спортын шаардлага тавьж, их спортын дүрмээр явах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

- Уг хуулийн төслийн хэлэлцүүлэг уяачид, бөхийн холбооны хурал болж хувирлаа. Нэг хэсэг нь Монгол морь уядаг уяачид, нөгөө хэсэг нь эрлийз морины уяачид. Үндэсний их баяр наадам гэдэг агуулгаар нь авч үзвэл Монгол үндэстний эв нэгдэл, их эеийн чуулган бол ирсэн түүхтэй. Наадам гэдэг зөвхөн наргиж цэнгэх утга биш. Эв нэгдлийн баяр яагаад хэрүүлтэй болоод байна гэхээр улс төрчид оролцсонтой холбоотой гэж хардаг. Улстөрчид Үндэсний баяр наадмын тухай хууль гаргаад, оролцоод эхэлснээс хойш болохоо больсон. Одоо ахиад л самраад сууж байна. Улс төрчид нь бөхийн холбоо руу давхиж ордог. Өөрөө өөрийнхөө удирдлагыг хэрэгжүүлж байгаа холбоод муугаасаа ангижраад явах бололцоотой. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч дүрэм гаргаад зохицуулаад явах боломжтой асуудал гэж үздэг. Гэтэл УИХ морины өндөр хэмжих тухай яриад сууж байна. Ийм хэрүүлийн сэдэв рүү УИХ ороод явчихсан. Тиймээс эв нэгдлийн гэдэг агуулгаар нь хандаасай гэж гишүүдээс хүсэж байна.

УИХ-ын гишүүд тус хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж, 27 гишүүн дэмжлээ.Төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.