Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дорнод аймагт газрын тос олборлодог БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн талаарх мэдээллийг хаалттайгаар сонслоо. Энэ талаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өгөв.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн талаар мэдээлэл сонслоо. Шадар сайдаар ахлуулж, БНХАУ-ын талыг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар тогтов. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тосны нөөцийн талаар ҮАБЗ-д танилцуулах үүргийг өглөө.
Газрын тосны нөөцийн хайгуулын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Тус компанийн газрын тосны олборлолт 2012 оноос эхэлсэн бөгөөд хамгийн өндөр жилдээ 1,1 сая тонн газрын тосыг гаргасан байдаг. Орд ашиглах төлөвлөгөөний дагуу “Петрочайна Дачин Тамсаг” ХХК жилд 1.5 сая орчим тонн газрын тос олборлох боломжтой ч сүүлийн жилүүдэд багассан. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлээд явж байна.
Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчилье гэсэн саналыг Монголын талаас удаа дараа тавьдаг. Тодорхой шийдэлд хүрч чаддаггүй. Хоёр талын байр суурь маргаантай хэвээр байна. 1993 оны буюу анхны гэрээн дээр манай Засгийн газар АНУ-ын компанийг тодорхой татваруудаас чөлөөлсөн. Дараа нь 2005 онд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК АНУ-ын компанийн хувьцааг нь худалдаж авч, гэрээг бүх нөхцөлөөр нь шилжүүлж авсан байдаг. 1993 оны үеийн нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн үеийн шийдвэрийг шүүх эрх байхгүй. Өнөөдөр Монгол улсад нийт газрын тосны нийт 21 гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна.
Бид одоо бүтээгдэхүүн хуваах гэрээг сайжруулах асуудлыг ярина гэдэг маань 2012 онд батлагдсан Татварын багц хууль, 2014 оны Газрын тосны хуулиудад нийцүүлнэ гэсэн үг юм.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа "Петрочайна Дачин Тамсаг" компани нь гэрээний дагуу хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа. Нэгэнт гэрээ хийхээр ширээний хоёр талд суух гэж байгаа учир БНХАУ-ын талын байр суурийг бид ойлгох ёстой. Монгол Улсын иргэний тухай хуулийн 5.2-т зааснаар "гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна" гэж заасан.
Энэ заалтын дагуу БНХАУ-ын тал уг асуудлыг тавьдаг. Бид харин бүтээгдэхүүн хуваах гэрээг олон улсын гэрээ биш, тус улсын дотоодын хууль тогтоомжид нийцэн өөрчлөгдөх ёстой гэж үздэг.
Газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байгаа тул өнөөдрөөс үе шаттайгаар "ПетроЧайна Дачин Тамсаг" компанийн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орд ашиглах гэрээг баримтлах, газрын тосны нөөц илрэх боломжтой газар нутагт хайгуул олборлолтын ажлыг явуулахад дэмжиж ажиллах асуудлыг ярина" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.