Хөгжлийн банкнаас мөнгө аваад төлөөгүй, зориулалт бусаар зарцуулсан, хээл хахууль өгч, авч зээл олгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа шат дараатай үргэлжилсээр байна.
АТГ-ын ажлын хэсгийнхэн энэ сард багтаан зарим зээлдэгчтэй холбоотой хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-ынханд хүргүүлэхээр бэлтгэж буй аж. Эхний ээлжийн зээлдэгч, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд, банкны эрх бүхий ажилтнуудад холбогдох хэргийг ийнхүү прокурорын хяналтад хүргүүлэхийн зэрэгцээ дараагийн зээлдэгчдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг шуурхайлж байгааг аж.
Тухайлбал, Хөгжлийн банкнаас 2018 оны зургадугаар сарын 19-нд 15 тэрбум төгрөгийн зээл авсан, өдгөө чанаргүй зээлдэгчдийн жагсаалтад багтсан “Пирамид орд” ХХК-ийнхантай холбоотой хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулсан аж. Гомбын Цолмон захиралтай тус компани “Буман залуус” нэртэй 296 айлын орон сууц” барина хэмээн уг зээлийг авсан бөгөөд түүнийхээ барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дахь, МоАХ-ны эзэмшилд бүртгэлтэй 9000 гаруй ам метр газрыг тавьсан байдаг. Энэ газрыг барьцаалах зөвшөөрлийг МоАХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга гаргасан гэдэг. Тиймээс уг хэрэгт холбогдуулан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүхий дээрх холбооны байранд нэгжлэг хийж бичиг баримтуудыг нь хураан авчээ. Гэхдээ түүнийг албадан саатуулж, тайлбар мэдүүлэг аваагүй гэнэ.
Ерөнхийлөгч Х.Баттулгыг зөвхөн дээрх “Пирамид орд” ХХК-иар тогтохгүй, зөвлөх асан Ц.Ууганбаярын нэр дээр бүртгэлтэй, “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхээр 2015 оны тавдугаар сард Хөгжлийн банкнаас 142.4 тэрбум зээл авсан “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн зээлтэй холбоотойгоор шалгахаар болсон гэж буй ч энэ асуудлаар хараахан тайлбар, мэдүүлэг аваагүй байна.
АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэрэгт холбогдсон хүмүүсийн 10 объектод нэгжлэг хийсэн талаараа өчигдөр цахим хуудсандаа мэдээлсэн. Тэдний нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой нэгжлэг аж.
Харин нөгөө нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжлэгээр Баянгол дүүргийн Баянгол дүүргийн эрх бүхий албан тушаалд томилогдсон, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл, Худалдан авах ажиллагааны газрын дарга С.Цээсүрэн нарын ажлын байр, хамаарал бүхий аж ахуйн нэгж, гэрт нь хийсэн ажиллагаа юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.