Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран "Улаанбаатар кап 2022" тэмцээнийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Тэмцээн 5 дугаар сарын 16-наас 6 дугаар сарын 1-ний хооронд 3x3 стандартын дагуу зассан талбайд болох юм.
Хотын спортын гол төрөл хэмээн олон улсад нэрлэгдэж буй, олимпын наадмын албан ёсны төрөл болох 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг нийслэлийн есөн дүүргийн залуучуудыг хамруулан Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (ФИБА)-ын 3х3 стандарт, шаардлагын дагуу өндөр түвшинд зохион байгуулна. Тэмцээн нь дүүргүүдийн дунд болох 16 тэмцээн, финалын тоглолт гэсэн бүтэцтэйгээр, нийт 17 тэмцээнээс бүрдэх аж. Тэмцээнд оролцох баг тамирчдад насны хязгаар заагаагүй бөгөөд "E-Mongolia" лавлагаагаар тухайн дүүргийн харьяат иргэн гэдгээ баталгаажуулан тоглоно.
"Улаанбаатар кап 2022" тэмцээний нийт мөнгөн шагналын сан 50 сая төгрөг. Финалын тэмцээний шагналын сан 18 сая төгрөг бөгөөд түрүүлсэн баг "Улаанбаатар кап 2022" аваргын цомын эзэн болно. Шагналын сан болон зохион байгуулах зардлыг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос гаргах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.