Их Британи, Унгар, Монгол Улсын хамтын бүтээл "1242 – Gateway to the West" кинонд Оскарын шагналт жүжигчин Кэвин Спэйси тоглохоор болжээ. Унгарын найруулагч Петер Соосын бүтээх энэхүү киноны зохиолыг Эйрон Хорват, Жоан Лэйн нар бичсэн бөгөөд Эрик Робертс, Кристофер Ламберт, Теренс Стэмп зэрэг жүжигчин мөн дүр бүтээх аж.
"1242" кинонд Чингис хааны ач хүү Бат хааны талаар өгүүлэх юм. Тодруулбал, Бат хаан 1242 онд Унгарын нэгэн шилтгээн болон Сезареани (Спэйси) хэмээх нууцлаг хүнтэй учирснаар Европыг довтлохоо зогсоож, улмаар хэрхэн уналтад хүрснийг харуулна гэж киноны товч тайлбарт дурджээ.
Үндсэн зураг авалтыг энэ оны 10 дугаар сараас эхлэн Унгар, Монголд хийх ба Иштван Бодзсар, Карлос Альперин, Норман Мерри, Тим Смит, Пол Бретт, Чаба Иски нар Гүйцэтгэх продюсероор ажиллах бол Монголын талаас Б.Баяр, Б.Баттүшиг нар Хамтрагч продюсерын үүрэг гүйцэтгэх юм. Уг бүтээлийг Унгарын үндэсний кино институт болон "Foresight Media", "LipSync" компаниуд санхүүжүүлж байгаа аж.
2017 онд арав гаруй эрэгтэй Кэвин Спэйсиг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгаснаас хойш алдарт жүжигчин ийнхүү Холливудын томоохон бүтээлээр урлагийн ертөнцөд эргэн ирэх гэж байна. Тухайн үед түүнийг Ридли Скоттын "All the Money in the World" киноноос хасаж, өөр жүжигчнээр сольсноос хойш Спэйси олны нүднээс хол байсан билээ.
Эх сурвалж: IndieWire, KFTV
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.