УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тус хуулийн төсөлд системд нөлөө бүхий таван банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
-Банкны салбарт энэ реформыг заавал хийх ёстой. Энэ үйл ажиллагааг зогсоож болохгүй. Цар тахлын үед эдийн засаг хүнд байхад банкны салбар хангалтай ашигтай ажилласан. Тиймээс энэ шинэчлэлтийг хойшлуулж болохгүй.Өнөө маргаашгүй IPO зарлах бүрэн боломжтой байгаа. Яагаад үүнийг бүтэн жилээр хойшлуулах гэж байгааг ойлгохгүй байна. Лобби хийсэн байж магадгүй гэж хардаж байна. Банкны реформын амин сүнс алдагдах нь. Банкууд бэлэн байгаа. Богд банк IPO амжилттай хийсэн. IPO-г койн шиг болно гэж ярих нь зохимжгүй. Гишүүд үүнийг дэмжиж болохгүй.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
- Бид энэ хуулийн төслийг боловсруулахдаа банкууд ХХК-иас ХК болгон бүтцийн өөрчлөлт хийхэд бусад улсууд 5 жил зарцуулдаг. Энэ дагуу төсөлд тусгасан ч төслийг хэлэлцэх явцад хугацааг 3 жил болгон шахсан. ХААН, Голомт банкууд Санхүүгийн зохицуулах хороонд хувьцаагаа нээлттэй худалдах хүсэлтээ ирүүлсэн. 2021 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон банкуудын тайланд аудит хийлгэж, өнгөрсөн сард тайлан нь бэлэн болсон. Ирэх долоо хоногт багтан 5 том банканд активын чанарын үнэлгээ хийх гэрээг байгуулж дуусна. Энэ шалгалт 2 сар үргэлжилнэ. Банк хүсвэл энэ шалгалттай зэрэгцэн IPO гаргах ажлыг эхлүүлж, зэрэг явуулж болно.
Банкууд хууль гарснаас хойш бэлтгэлээ базааж эхэлсэн. Таван банк бүгд төлөвлөгөөгөө ирүүлсэн. Активын чанарын үнэлгээг хийхэд гаднаас мэргэжилтнүүд ирж ажиллана, Монголбанк хийхгүй, хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ. Активын чанарын үнэлгээ хийлгэхийг ОУВС яагаад зөвлөсөн бэ гэхээр олон улсын байгууллагууд хувьцаа худалдан авах хүсэлтэй байгаа тул тэдгээр хөрөнгө оруулагчдын итгэлийг олох, хөрөнгийг нь баталгаажуулахад хувь нэмэртэй гэж үзсэн. Активын чанарын үнэлгээг хийснээр банкны салбарт хийх шинэчлэл хойшлохгүй, үргэлжилнэ. Шинэ хуулийн төсөлд бид нэг л тоо өөрчилсөн. Энэ нь 2022 оны зургадугаар сарын 30 гэсэн огноог 2023 он болгож өөрчилж байгаа юм. Ингэснээр 5 том банкны IPO ойр ойрхон гарахгүй болно.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
- Эдийн засгийн нөхцөл таагүй байна. Ковидын хуулийг бид түр хугацаагаар батлан, шинээр үүссэн нөхцөл байдалд уян хатан хандсан. Иймд энэ хуулийг дэмжиж байна. Хуулийг ойр ойрхон өөрчилж байгаа нь үнэн. Ойлгож байна. Засгийн газар олон улсын байгууллагатай ярилцаж тохирчээ. Хөгжлийн банкны асуудал дуусаагүй байна. Банкаар оролдохдоо маш болгоомжтой байх ёстой.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
- Бид хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчдаа хамгаалах ёстой. Одоо тохиромжтой цаг биш. Энэ онд томоохон IPO хийсэнгүй. Банкуудын хүүгийн зардал буурсан тул цэвэр ашиг нь өссөн мэт харагдаж байна. Ковидын хууль ирэх онд дуусахаар банкуудын хүүгийн зардал өснө, орлого нь буурна. Тэр үед одоо хувьцаа авсан хөрөнгө оруулагчид алдагдал хүлээх эрсдэлтэй. Хөрөнгийн биржийг хөгжүүлэх нь зөв. Гэхдээ старт апуудыг энэ зах зээлд гаргах хэрэгтэй. Старт апуупад хөрөнгө хэрэгтэй. Тэднийг бойжуулах платформ хэрэгтэй байна. Би Англид хоёр хувьцааг гаргахад ажилласан.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
- Энэ хуулийг санаачилсан гишүүний хувьд дэмжихгүй байна. Сүүлийн 14 хоногт л энэ асуудлыг гаргаж ирлээ. Энэ хууль иргэдэд ашигтай, банкуудын эздэд биш. Үнэлгээ бага байх нь иргэдэд харин ч ашигтай. Монголбанкны Ерөнхийлөгч бодит үнэнд нийцэхгүй зүйл ярьж байна. Та банкны эздэд биш иргэдэд үйлчлээрэй. ОУВС хүүхдийн мөнгийг зөвхөн хэрэгцээтэй хүмүүст олго гэж зөвлөдөг. Тэгвэл энэ зөвлөмжийг яагаад дагахгүй байна вэ? Та нар инфляцыг бууруулахгүй атлаа яагаад ийм хуулийг яаралтай горимоор оруулж ирэв. Бухимдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: -- Төр хувийн хэвшилд ХК эсвэл ХХК байхыг заах үүрэггүй. Гэтэл Банкны тухай хуулиар банкуудад ХК болох ёстойг хүчээр тулгасан. Гэхдээ би энэ хуулийн төслийг дэмжсэн. Учир нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь банкны салбарт үзүүлэх дарамт шахалтаас илүү чухал гэж үзэн би дэмжсэн. Гэтэл одоо та нар хэдхэн банкны асуудлаас болж ийм хууль оруулж болохгүй. Хууль хэрэгждэг байх ёстой. Хуулиа нэг жилийн дараа өөрчлөөд байвал олон улсын байгууллагуудын өмнө бид ичгэвтэр байдалд орно.
Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.1 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороод шилжүүллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.