УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Тус хуулийн төсөлд 25 настай иргэн эрхтэний донор болох боломжтой байсан бол 21 нас болгон өөрчилжээ. Мөн хагалгааны дугаарлалт ил байх шаардлагатай байгаа учраас Шилэн жагсаалт бүхий тогтолцоо бий болгох юм байна. Нэг амьгүй донор зургаан хүний амийг аврах боломжтой учир амьгүй донорын эд эрхтэнийг ашиглаж байгаа бол оршуулгын зардлыг даадаг болохоор хуульд тусгажээ.
Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд 2012 онд нэмэлт, өөрчлөлт хийгдэж, Донорын тухай хуулийн шинэчилсэн 2018 оны 01 дүгээр сарын 19-нд баталсан. Тус хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа цус, эс, эд, эрхтэнээ үнэ төлбөргүй өгөх, амьд болон амьгүй донорын эд, эрхтэнг шилжүүлэн суулгах зорилгоор авах, цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, донорын үйлсийг сурталчлах, түүнд иргэдийг татан оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулж байна.
Донорын тухай хуульд 2021 онд хоёр удаа өөрчлөлт оруулсан хэдий ч одоогийн мөрдөгдөж буй хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул зарим харилцааг зохицуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон гэж хууль санаачлагчид танилцууллаа.
Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд донорын насны доод хязгаарыг багасгах, амьгүй буюу тархины үхэлтэй донорын гэр бүлд үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох, донорын гэгээн дурсгалыг хүндэтгэх, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороог байгуулах, донорын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах эрх зүйн орчныг бий болгох тухай зэрэг зохицуулалтыг тусгаж байгаа бөгөөд хуулийн төсөлтэй хамт холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх юм байна.
Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой болно гэжээ. Үүнд:
1. Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдэнэ
2. Эс, эд, эрхтэний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болно.
3. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллана.
4. Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бий болно.
5. Амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болно.
Түүнчлэн, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхэд амьд донорыг магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах, амьгүй донорын оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгох боломжтой болно. Хуулийн төсөл батлагдсанаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад руу гарах мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хангагдана гэж хууль санаачлагчид үзжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.