Хятадын Шанхай хотын эрх баригчид өнгөрсөн сар гаруйн хугацаанд өргөн хүрээний хөл хорио тогтоосны эцэст "Омикрон"-ы дэгдэлтийг бараг дарсан гэж үзсэн бөгөөд одоо чанга хатуу хязгаарлалтуудаа цуцлахаар төлөвлөж байна.
Энэхүү бэлтгэл ажлын хүрээнд, албаныхан олон мянган байршил, орон сууцны хорооллыг халдваргүйжүүлж, бүх нийтийн цэвэрлэгээ хийж байгаа юм. Үүний дараа, Хятадын санхүүгийн нийслэлийг аажмаар, болгоомжтой эргэн нээнэ гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцолжээ.
Коронавирусийн эсрэг "харгис хэрцгий дайн" нь Шанхай хотыг том сорвитой үлдээгээд байгаа билээ. Хөл хорионд орсон оршин суугчид хэдэн долоо хоногийн турш гэрээсээ гарах боломжгүй болсон бол зарим иргэнийг гэрээс нь албадан нүүлгэн шилжүүлсэн юм. Мөн шинжилгээний хариу нь "Эерэг" гарсан бүх хүнийг тусгаарлах байгууламж руу шилжүүлж, шаардлага хангахгүй нөхцөлд байхыг тулгасан нь иргэдээс ихээхэн шүүмжлэл дагуулсан.
Тус хотын зарим хэсэгт хэдхэн хоногийн өмнө жижиг хэмжээний эсэргүүцлийн жагсаалууд эхэлсэн ч албаныхан иргэдийг яаралтай тараасан байна. Үүний дараа, оршин суугчид цонхоороо тогоо шанагаа цохиж, дургүйцлээ илэрхийлж байгаа аж. Гэхдээ Хятадын эрх баригчид энэхүү нөхцөл байдалд "гадаадын хүчин" нөлөөлсөн гэж мэдэгдсэн бөгөөд "Тэг Ковид" бодлогыг тууштай хэрэгжүүлэхээ онцолсон юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.