Өмнөд Солонгосын Чэжү, Яньян олон улсын нисэх онгоцны буудлуудаар гадаадын бүлэг жуулчид ирэх 6 дугаар сарын 1-нээс эхлэн визгүй нэвтрэх боломжтой болохыг тус улсын Дотоод хэргийн сайд Жон Хэ Чол мэдэгджээ.
2002 оноос хойш хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд, тусгай жагсаалтад багтсан 24 орноос бусад улсын жуулчид Чэжү арал дээр 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой билээ. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас уг хөтөлбөрийг 2020 оны 2 дугаар сарын 4-нөөс хойш зогсоогоод байсан юм.
Тэгвэл одоо гадаадын жуулчид Чэжү аралд визгүй нэвтрэхээс гадна аялах зөвшөөрлөө цахимаар урьдчилж авсан тохиолдолд тус арлаас гадуур ч зорчих боломжтой аж. Харин зүүн эрэгт орших Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар Вьетнам, Филиппин, Индонез болон Монгол Улсын тав ба түүнээс дээш тооны бүлэг жуулчин визгүй нэвтрэх боломжтой бөгөөд Канвон муж болон нийслэл хотод нь 15 хоног аялахыг зөвшөөрөх юм.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.