Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдийн гомдлын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Иргэн таны худалдан авсан бараа бүтээгдэхүүн асуудалтай байвал тус газрын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утас болон afccp.gov.mn веб хуудсаар дамжуулан бараа бүтээгдэхүүний хаяг, шошго, орц, найрлагын зөрчлийн талаар мэдээлэл өгөх боломжтой.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд зааснаар хэрэглэгч нь барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй ба үйлдвэрлэгч нь бараа, ажил үйлчилгээг зах зээлд нийлүүлэхдээ түүнийг хэрэглэх заавар, хадгалах, тээвэрлэх, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга, үйлдвэрлэсэн он, сарыг худалдааны баримт бичиг, хаяг, шошго дээр хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байхаар тусгах үүрэгтэй байдаг.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аж, ахуй эрхлэгчдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна. Үүнд:
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж болон Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 стандартыг мөрдөж ажиллах
2. Хэрэглэгч бараа, бүтээгдэхүүний талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангаж ажиллах
3. Бараа бүтээгдэхүүний хаяг шошгололтод тусгагдсан мэдээлэл нь үнэн зөв, бодитой байгаа эсэхэд анхаарч, дотоод хяналтыг сайжруулах
4. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж чанартай, аюулгүй бараа, бүтээгдэхүүнээр хэрэглэгчээ хангаж, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулах
Цаашид дээрх алдаа дутагдлыг гаргасан тохиолдолд холбогдох хувь хүн, аж ахуй нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна хэмээн ШӨХТГ-аас газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.