Хятадын нийслэл Бээжингийн эрх баригчид тус хот дахь "Омикрон"-ы дэгдэлтийг зогсоохын тулд олон нийтийн тусгаарлах төвүүдийг дахин нээжээ.
Үүний хүрээнд, 2020 оны эхээр коронавирусээр өвчилсөн иргэдийг байршуулан, эмчилж байсан Шяотаншань эмнэлгийг дахин нээсэн байна. Энэ нь орон нутгийн албаныхан нийслэлийн хэмжээнд хөл хорио тогтоохгүйгээр цар тахлын халдварын давлагааг зохицуулах хүчин чармайлт гаргаж байгааг харуулж байгаа юм.
Тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор халдварын 5,489 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс ихэнх нь сүүлийн хэдэн долоо хоногийн турш хөл хорионд байгаа Шанхай хотод илэрсэн байна. Харин Бээжинд 51 тохиолдол батлагдаж, "Омикрон"-ы дэгдэлт эхэлснээс хойш тус хотод бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 400 орчим болжээ.
Шанхайн эрх баригчид иргэдийн өвчлөлийг хүнд, хөнгөн гэж ялгалгүй, халдвар авсан хүн бүрийг тусгаарлах болсноор хэдэн зуун мянган оршин суугч түр эмнэлэг, тусгаарлах байгууламжид шилжээд байгаа билээ. Харин Бээжин хотын Эрүүл мэндийн хорооны мэдэгдэлд, "Омикрон"-ын эсрэг тэмцлийг шатартай зүйрлэн, тусгаарлах эмнэлгүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор дахин нээсэн хэмээн онцолсон байна.
Хятадад удахгүй болох таван өдрийн бүх нийтийн амралтад бэлтгэхдээ хотын эрх баригчид хэсэгчилсэн хөл хорио болон хөдөлгөөний хязгаарлалт тогтоож, зугаа цэнгэл, олон нийтийн үйлчилгээний газруудыг хаасан юм. Мөн хоолны газруудад сууж үйлчлүүлэх боломжгүй болсон ба метроны хэдэн арван буудлыг хааж, 150 гаруй автобусны чиглэлийн үйлчилгээг зогсоосон аж. Энэ долоо хоногт Бээжингийн 12 дүүргийн олон сая оршин суугчийг шинжилгээний хоёр дахь шатад хамруулах юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.