ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрөгч ням гарагт Италийн телевизэд ярилцлага өгөхдөө Адольф Гитлерийг еврей гаралтай байсан гэж хэлсэн нь олон улсын шүүмжлэлийг дагуулаад байна. Израил улсын эрх баригчид уг мэдэгдлийг Холокостын талаар худал мэдээлэл тараасан, "уучилшгүй" явдал гэж буруушаасан бөгөөд Оросын Элчин сайдыг дуудаж, уучлал гуйхыг шаарджээ.
Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетт энэ талаар "Ийм худал мэдээлэл нь еврейчүүдийн эсрэг үйлдсэн түүхэн дэх хамгийн аймшигтай гэмт хэрэгт еврейчүүдийг өөрсдийг нь буруутгах зорилготой. Холокостыг улс төрийн зорилгоор ашиглахыг нэн даруй зогсоох ёстой" хэмээсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский еврей хүн байтал ОХУ яагаад Украиныг "нацист үзлээс ангижруулах"-ыг зорьж байгааг түүнээс асуухад ноён Лавров "Миний буруу байж магадгүй ч Гитлер бас еврей цустай байсан. Тэгэхээр Зеленский еврей хүн гэдэг ямар ч ач холбогдолгүй зүйл. Семитийн эсрэг хамгийн ширүүн үзэлтэй хүмүүс нь еврейчүүд өөрсдөө гэж мэргэн еврей ухаантнууд эртнээс хэлсээр ирсэн" хэмээн хариулсан аж.
Тэгвэл Барууны хэд хэдэн орны удирдагчид Оросын Гадаад хэргийн сайдын хэлсэн үгийг буруушааж, албан ёсны тайлбар шаардаад байна. Лавровын мэдэгдлээс хойш Москва чимээгүй байгааг тэмдэглэсэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Оросын удирдлага Дэлхийн хоёрдугаар дайны бүх сургамжийг мартсан гэдгийг энэ явдал харуулж байна. Эсвэл тэд анхнаасаа юу ч сураагүй байх" хэмээн шүүмжилжээ.
ОХУ-ын цэргийн хүчин Украинд тусгай ажиллагаа явуулж эхлэхэд Израил улс Украиныг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч Оростой харилцаагаа хурцатгахаас болгоомжилж, Москваг шууд шүүмжлэхээс зайлсхийж байсан билээ. Гэвч энэ удаагийн явдлын улмаас хоёр улсын харилцаа хурцдаж, Израилын тал энхийн яриа хэлэлцээрийг зохион байгуулах үүргээсээ холдож магадгүй болоод байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.