ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч лхагва гарагт тус улсын хууль тогтоогчидтой уулзах үеэрээ Украинд үүсээд буй нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцохыг завдсан аливаа улс оронд "аянга цахилгаан мэт" хариу үйлдэл үзүүлнэ гэж анхааруулжээ.
Тэрээр "Хэрэв хэн нэгэн Украины асуудалд хөндлөнгөөс оролцож, Орост стратегийн аюул заналхийлэл учруулахыг оролдвол бидний хариу үйлдэл аянга цахилгаан мэт хурдан байх болно. Бидэнд хариу үйлдэл үзүүлэх бүх хэрэгсэл бий бөгөөд эдгээрээр өөр хэн ч сайрхаж чадахгүй. Гэхдээ бид үүнийгээ гайхуулахгүй, харин шаардлагатай бол ашиглах болно" хэмээн мэдэгдсэн байна. Мөн ОХУ хариу үйлдлийнхээ хүрээнд ямар арга хэмжээ авах талаар бүх шийдвэрийг аль хэдийн гаргасан гэж ноён Путин онцолсон ч нэмэлт мэдээлэл өгөөгүй юм. Гэхдээ түүний энэхүү анхааруулга нь баллистик пуужин болон цөмийн зэвсэгтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Ерөнхийлөгч Путин ийнхүү мэдэгдэл хийхээс нэг өдрийн өмнө Барууны орнууд Германд дээд хэмжээний уулзалт хийж, Украинд чиглэсэн цэргийн дэмжлэгээ эрчимжүүлэхээр тохиролцсон билээ. Уг уулзалтын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин "Украиныг дайнд ялуулахын тулд тэнгэр, газрыг хөдөлгөнө" гэж амласан юм.
ОХУ-ын цэргийн хүчний Украины зүүн хэсэгт явуулж буй тусгай ажиллагаа ихээхэн саад бэрхшээлтэй учраад байгаа гэж Барууны албаныхан үзэж байна. Оросын цэргүүд өнгөрсөн долоо хоногт Киев орчмын бүс нутгуудаас гарч, Донбасс хэсгийг эзлэхийн тулд томоохон дайралт эхлүүлсэн. Гэвч Оросын зэвсэгт хүчин "Украины тууштай эсэргүүцлийг даван туулахад хэцүү болж, их хэмжээний хохирол амсаж байгаа" гэж нэгэн албан тушаалтан хэлжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.