"Монголын ипотекийн корпораци" ХХК иргэдийг ипотекийн зээлд зуучилснаараа дундаас нь 2-3 хувийн суутгал авч байсан луйвар хийдэг. Ийм луйврын системийг гаргаж, иргэд, төр засаг гэлтгүй бүх салбараас хумсалж байна" гэж Монгол улсын шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэгвэл тус мэдээлэлтэй холбоотойгоор "МИК ОССК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, ТУЗ-ийн хараат бус гишүүн, МУИС-ийн дэд профессор, эдийн засагч Ч.Хашчулуун нар мэдээлэл хийж байна.
"МИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга:
-Монголын ипотекийн корпорацийг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк, арилжааны арван банк хамтран бодлогоор үүсгэн байгуулсан. 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй олон нийтийн эзэмшлийн Хувьцаат компани болсон. Монголын ипотекийн корпорацийн 10 хувийг Худалдаа хөгжлийн банк эзэмшдэг. Энэ мэдээлэл ил тод байдаг.
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцөл, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкнаас тогтоодог. Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк-иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг.
Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй, зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй. Иргэдэд олгож байгаа зээлээс манай компани ямар нэгэн хүү, шимтгэл, хураамж авдаггүй. Зээлийн хүүгийн зөрүүг арилжааны банкнууд авдаг. Арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас худалдан авдаг бөгөөд үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Өмнө банкууд нь ипотекийн зээлийг жилийн 18-24 хувийн хүүтэй олгодог байсан энэ тоог бид 6-8 хувьд хүргэсэн. Шадар сайд өнгөрсөн долтоо хоногт мэдэгдэл гаргасны дараа манай хувьцааны үнэ буурсан гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.