СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-08

🔴LIVE: Ерөнхий сайд жагсагчдын тавьсан 15 шаардлагын хариуг өглөө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдын тавьсан 15 шаардлагын хариуг Төв талбай дээр гарч ирж өглөө.

Нэгдүгээрт, Үнийн өсөлттэй холбоотой асуудал дээр "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"-ийн төслийг 4-р сарын 15-нд багтаан нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо. УИХ-ын дарга, холбогдох байнгын хороодын дарга нартай утсаар холбогдож ийм амлалт авлаа. Хууль батлагдсанаар олон улсын зах зээлд үнэ нь өссөөр байгаа шатахуун, мах, гурил, бусад хүнсний бүтээгдэхүүний үнийг зохицуулах эрхзүйн орчин нээгдэх юм. 

Хоёрдугаарт, ЗГХ-нд ЦЕГ, ТЕГ-ын удирдлага ирж оролцож, баривчилсан иргэдийг бүрэн сулласан байна. Мөн жагсаалын үеэр төрийн байгууллагынхан, дахин үймээн самуун гаргахгүй гэсэн амлалтыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагууд Ерөнхий сайд миний өмнө амлалаа. 

Гуравдугаарт, Авлига албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан улс төрчдийг ял наймаалцах байдлаар шийдэхгүй, авлигын ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг ЗГ яаралтай горимоор УИХ-д өргөн барилаа. АТГ албан тушаалтнуудыг ялгаваргүй шалгах талаар Авилгын эсрэг хуулийн 13.2-т заасан өөрчлөлтийг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг багтаан шийднэ.

Дөрөвдүгээрт, Хөгжлийн банк болон ЖДҮ-тэй холбоотой олон нийтийн анхаарлын төвд ороод эцэслэн шийдэгдээгүй байгаа хэргүүдийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран шийдвэрлэхийн төлөө ажиллана. Улс төрийн хувьд хамт зогсоно гэдгээ илэрхийлье. Харин дэмжлэг авч чадахгүй бол гарч ирж та нартайгаа хамт тэмцэнэ. 

Тавдугаарт, Засгийн газар цар тахлын үед мөрдөж байсан хэмнэлтийн тусгай горимд шилжсэн тогтоолыг сэргээлээ. Төрийн албан хаагчид албаны автомашин хэрэглэхгүй. Том оврын автомашинуудыг нэгдсэн парк байдлаар зохион байгуулах, өрөө тасалгаанд нь мкв шалгуур тавих гэх мэт бусад хэмнэлттэй холбоотой асуудлыг ЗГ шийдвэрлэлээ. Иргэд та бүхэнтэй хамтран ажиллаж, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтэд ил тод болгох асуудлыг Засгийн газар ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ. 

Зургадугаарт, Залуучуудын холбооны байр ТББ-ын өмч учраас Засгийн газар шууд оролцох боломжгүй. МЗХ-г удирдаж байгаа хүмүүс олон нийтийн өмчийг шамшигдуулсан байна уу гэдгийг шалгана.

Энэ бол Засгийн газрын бие дааж шийдвэрлэж чадах 11 шийдвэр. НДШ, НӨАТ-ын сугалаа олгохгүй байх, НӨАТ-ын хэм хэмжээ тогтоох, олон улсын төлбөр тооцоо, сонгуульд хар машин ашиглахгүй, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг цуцлах гэх мэт асуудал нь УИХ-тай хамтарч шийдэх хэрэг тул парламентэд уламжиллаа. 

Тогтолцооны хувьд урт хугацаанд шийдэгдэх асуудлууд байна. УБ хотын түгжрэл, авлигад автсан шүүгчид ажилласаар байна гэх мэт. Иргэдтэй нээлттэй хамтран ажиллахын тулд дэргэдээ авсан 1111 төвөөр дамжуулан долоо хоног бүр уулзаж болно. 

Эцэст нь хэлэхэд Монголчууд бид эвлэлдэн нэгдэх болгондоо дээдлэн дэвжиж, талцан боогдох бүртээ уруудан доройтдог.

Үндсэн хуулиа хүндэтгэж тайвнаар жагссан шигээ тайвнаар тарахыг хүсье гэлээ. 

Жагсагчдын удирдагч үүний дараа "Засгийн газар авч хэлэлцэнэ гэдэг УИХ-аар оруулж хэлэлцүүлнэ гэсэн үг. Уг хуулийг хэн дэмжиж хэн дэмжихгүй байгааг бид харж болно"  гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.212.117.23

Яг шийдсэн юм алга уу

зочин
2 жилийн өмнө
64.119.25.4

эцсийн шийд алга, аргацаасан л болж монголч залуучуудыг утсан хүүхэлдэй мэт үзжээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.