Хятадын хамгийн том хот болох Шанхайд чанга хатуу хөл хорио үргэлжилсээр байгаа бөгөөд цар тахлын халдвар авсан хүүхдүүдийг эцэг, эхээс нь салган, тусгаарлаж байгаа талаар мэдээлэл ил болсны дараа иргэд цахим орчинд бухимдлаа илэрхийлж, Засгийн газрын "Тэг-Ковид" бодлогыг улам буруушаах болсон билээ. Тэгвэл хотын эрх баригчид зарим эцэг, эхийг халдвар авсан хүүхдүүдтэйгээ хамт байхыг зөвшөөрөхөөр болсноо мэдэгджээ.
Гэвч Шанхайн эрүүл мэндийн комиссын дарга Ву Цяньюгийн хэлснээр, уг шинэ журамд зөвхөн "тусгай хэрэгцээтэй" хүүхдүүд хамаарах бөгөөд эцэг эхчүүд эрүүл мэндийн эрсдэлийг бүрэн ойлгож буйгаа илэрхийлсэн гэрээнд гарын үсэг зурах ёстой аж. Түүнчлэн байнга амны хаалт зүүж, хүүхдүүдээсээ өөр газарт хооллон, бусад бүх дүрэм журмыг чанд дагаж мөрдөх ёстой гэсэн юм.
Коронавирусийн "Омикрон" хувилбарын томоохон давлагааны улмаас Шанхай хотод халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа учир хэдэн арван мянган хүнийг байрлуулах тусгаарлалтын төвүүдийг байгуулсан байна. Ингээд шинжилгээний хариу нь "Эерэг" гарсан бүх хүнийг тусгаарлахын зэрэгцээ ойрын хавьтлуудыг нь тусгаарлан, ажиглах арга хэмжээ авч байгаа аж.
Түүнчлэн тус хотод хоол хүнсний барааны хүрэлцээ муудаж, шинэ хүнсний ногооны хомстолд орсон бөгөөд иргэд хүргэлтийн хоол захиалахад хүндрэлтэй болжээ. Мөн тусгаарлах төвүүдэд ор, эмнэлгийн ажилтан болон сайн дурынхан хүрэлцэхгүй байгаа учир ойролцоох 15 мужаас 38 мянга гаруй эрүүл мэндийн ажилтныг дайчилж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.