Монгол улсын засгийн газар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулахад авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн амаргүй цаг үе дэлхий нийтэд тулгараад байна. Нийтдээ дэлхий нийтэд 8000 гаруй эдийн засгийн хориг арга хэмжээ авагдсан гэсэн тоон мэдээлэл байна. Цар тахлаас шалтгаалж дэлхийн банк санхүүгийн байгууллага, эдийн засгийн сэргэлт эхлэх энэ үед тус хоёр улсын мөргөлдөөн дахин сэхээний байдал руу оруулаад байна.
Дэлхий нийтэд хүнсний хомстолд орох эрсдэлтэй гэдийг НҮБ тооцоолж гаргаад байна. Манай улсын хувьд ч томоохон сорилт үүсгэх магадлалтай гэж үзэж байна. Бид цаг алдалгүй, түрүүлж арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж байна. Энэ хууль хэрэгжснээр Засгийн газар мах гурил, газрын тосны үнэд оролцох, зохицуулалт хийх эрх зүйн орчин бүрдэх юм. Мөн Засгийн газар мөнгөний бодлогод оролцох боломжгүй байдаг. Гэсэн ч эдийн засгийн хоригоос үүдэн валютын нөөцөд хөдөлгөөн үүсэх байдал ажиглагдаж эхэлсэн. Иймд зарим төрлийн валют дээр хязгаарлалт хийхээс өөр аргагүй нөхцөл үүссэн гэж хэлж болно. Монгол Улсын Засгийн газраас Монголбанканд валютын нөөц бүрдүүлэхэд туслах нөхцөлд хүрлээ. Манайд одоогоор 3.2 тэрбум ам.долларын валютын нөөц бий. Тиймээс зарим нэг валютын төлбөр болон бусад хилээр гаргах асуудал дээр хяналт тавих шаардлага үүссэн. Мөн татан авах валютын графикийг наашлуулахгүй бол Монголбанк дангаараа хүчин мөхөстөж байна.
Биднээс хамаарахгүй байгаа зүйл өнөөгийн нөхцөл байдлын 70-аас дээш хувийг эзэлж байна. Олон улсын нөхцөл байдалд хүч мөхөстөж байгаа тул Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ үед Засгийн газартай хамтран ажиллахыг хүсэж байна. Бид зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэхээр байна. Ханшийн зөрүүн дээр шатахуун нийлүүлэгч компаниудтай шууд тулж ажиллана гэж ойлгож болно. Бид нэг л үйлдвэрээс хамаааралтай гэдгээ ойлгох хэрэгтэй гэдгээ бодитоор ойлгож нүүр тулахаас өөр аргагүй. Газрын тосны үйлдвэрээ цаг алдалгүй барих ёстой гэдгийг бидэнд ойлгуулсан он жилүүүд үргэлжилж байна.
Хөгжлийн банканд 150 гаруй тэрбум төгрөгийг эргэн төлсөн. Эрдэнэт, Оюу Толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой мэдээллийг Засгийн газраас гаргаж өгсөн тул хууль хяналтын байгууллага шийдэж, цэг тавих учиртай. Цаашдаа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг мөн дэлгэж тавина. Энэ асуудлыг шийдсэн тохиолдолд Монгол Улсын эдийн засаг хоёр дахин нэмэгдэнэ. Тэнд байгаа хүмүүст маш их ашигтай байсан тул Гашуун Сухайтын төмөр замыг олон жил гацаасан. Энэ луйвартай эвлэрээд улс төрийн үхдэл болохоос би айхаас биш огцрохоос айхгүй байна. Дээрээс нь ТӨҮГ-ын зарим асуудлыг шийднэ. Зарим зүйлсийг олон нийтэд дэлгэнэ. Эдгээр асуудлыг цэгцэлчихвэл Монгол улс авлигатай тэмцэх индексээр хоёр оронтой тоо руу орно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.