Германы нэгэн эрэгтэй бусдад вакцины гэрчилгээ зарахын тулд коронавирусийн эсрэг вакцины олон арван тунд хамрагдсан болохыг орон нутгийн албаныхан мэдэгджээ.
Магдебург хотын оршин суугч, 60 настай тус эрэгтэй нь сүүлийн хэдэн сарын турш Саксони дахь вакцинжуулалтын төвд вакцины 90 тунг тариулсан бөгөөд эцэст нь өнгөрөгч ням гарагт цагдаад баригдсан гэж "dpa" агентлаг мэдээлсэн юм. Тэрээр дархлаажуулалтын төвд хоёр өдөр дараалан ирж, вакцинд дахин хамрагдах гэж оролдох үеэр түүнийг цагдаа нар саатуулсан аж.
Хууль хяналтынхан түүнээс хэд хэдэн хоосон гэрчилгээг хураан авсан бөгөөд вакцины гэрчилгээг зөвшөөрөлгүйгээр тарааж, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм. Цар тахлын эсрэг хэд хэдэн өөр вакциныг тариулсан уг эрэгтэйн эрүүл мэндэд ямар нөлөө учирсан нь одоогоор тодорхойгүй байна.
Германд сүүлийн саруудад вакцины гэрчилгээг хуурамчаар үйлдэх хэрэгт олшрох болсон билээ. Коронавирусийг үгүйсгэгч олон хүн дархлаажуулалтад хамрагдахаас татгалзсан ч олон нийтийн болон үйлчилгээний газруудад нэвтрэхийн тулд бусдаас гэрчилгээ худалдаж авч байгаа аж.
Тус улсад цар тахлын халдварын хэмжээ өндөр хэвээр байгаа ч ихэнх хязгаарлалт, дүрэм журмыг сулруулсан бөгөөд хүнсний дэлгүүр, төрөл бүрийн театрт амны хаалт зүүх шаардлагагүй болжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.