СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-03-31

🔴 УИХ-ын чуулганаар Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын асуудлыг хаалттай хэлэлцэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын өнөөдрийн /2022.03.31/ чуулганы эхний хэлэлцэх асуудлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэх байсан. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал гаргаснаар "Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг урагшлуулж хэлэлцэхээр болов. Уг хуулийн төслийг хаалттайгаар хэлэлцэв.

Үүний дараа “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.10, 6.7.1, 9.4.2, Төсвийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлийг үндэслэн “Алсын хараа – 2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон салбарын хөгжлийн зорилт, төсөл, арга хэмжээтэй уялдуулан, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан.

 Тус хөтөлбөрийн хавсралтаар батлагдсан санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн нийт 49.7 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 150 төсөл арга хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай 18.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай 88 төсөл арга хэмжээ, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай 98 төсөл арга хэмжээ батлагдсан.

Дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт цар тахлын үзүүлж буй сөрөг нөлөөллийн улмаас Монгол Улсын эдийн засгийн гол салбар болох уул уурхай, олборлолтын салбарын бүтээгдэхүүний эрэлт багассан нь нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тосны экспорт болон олборлолтын хэмжээ эрс буурахад хүрч, экспорт 2020 онд өмнөх оноос 43.3 сая ам.доллараар, импорт 858.6 сая ам.доллараар тус, тус буурсан байна.

Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018 онд 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан бол 2020 онд төсвийн орлого 9.5 их наяд төгрөг, зардал 13.9 их наяд төгрөг болж, төсөв 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Татварын ачаалал 2020 онд 22.7 хувь болж, өмнөх оноос 3.2 нэгж хувиар буурлаа. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагаа, татварын орлого буурсантай холбоотой байна. Экспортын орлогын бууралт нь дотоодын аж ахуй нэгжүүдийн орлого буурахад нөлөөлж, улмаар хөдөлмөрийн зах зээлээр дамжин өрхийн орлогод сөргөөр нөлөөлж байна.

Энэхүү төсөлд санхүүжилтийн эх үүсвэр бүрэн болон хэсэгчлэн шийдвэрлэгдсэн төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 45.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 136 төсөл арга хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 31.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай 135 төсөл арга хэмжээ, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 89 төсөл арга хэмжээг тусгасан.

Тогтоолын төсөлд тусгагдсан төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээр 2021-2025 онд нийт 149.226 ажлын байрыг шууд ба шууд бусаар шинээр бий болгож, ажилгүйдэл болон ядуурлын түвшинг бууруулахаар байна.

Монгол Улсын төсвийг их хэмжээгээр тэлж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх, улмаар арилжааны өндөр хүүтэй гадаад, дотоод зээллэгээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх нь өрийн дарамтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог. Хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлснээр Засгийн газрын өрийн үлдэгдлийн өнөөгийн үнэ цэн буурч, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацаа уртсах, жигнэсэн дундаж хүүгийн түвшин буурах зэрэг эерэг нөлөө үзүүлж байгаа боловч цаашдаа Засгийн газрын өрийн үйлчилгээний зардал болон валютын ханшийн эрсдэлийг нэмэгдүүлэх, төсөвт болон төлбөрийн тэнцэлд дарамт учруулах сөрөг нөлөөг үзүүлдэг. Энэ нөхцөлд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтыг хязгаарлах, Засгийн газрын өрийн багцын гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах шаардлагатай байна” гэлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Үүний дараа Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.