БНХАУ-д коронавирусийн "Омикрон" хувилбарын дэгдэлт хүчээ авсаар байгаа тул тус улсын хамгийн том хот болох Шанхайн ихэнх хэсэгт хөл хорио тогтоожээ.
Тодруулбал, тус хотын Пудонг санхүүгийн дүүрэг болон ойр орчмын бүсүүдэд өнөөдрөөс ирэх баасан гараг хүртэл хөл хорьсон байна. Харин үүний дараа буюу баасан гаргаас эхлэн Хуанпу голын баруун хэсгээр байрлах хотын төвийн өргөн уудам газарт мөн тав хоногийн хөл хориог хэрэгжүүлэх юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд, иргэд гэрээсээ гарч болохгүй бөгөөд аливаа хүргэлтийг хяналтын цэгүүд дээр үлдээх аж. Түүнчлэн зайлшгүй шаардлагатай бус гэж тооцогдсон албан газар болон аж ахуйн нэгжүүдийг хааж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон байна. Орон нутгийн албаныхан 26 сая хүн амтай тус хотын бүх оршин суугчийг коронавирусийн шинжилгээнд хэд хэдэн удаа хамруулахаар төлөвлөж байгаа юм.
Хятад даяар энэ сард цар тахлын халдварын 56 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварын тархалт нэмэгдсээр байгаа билээ. Шанхайд өнгөрөгч бямба гарагт 47 шинэ тохиолдол батлагдсан нь харьцангуй бага үзүүлэлт ч тус улсын Засгийн газар "Тэг-Ковид" бодлогыг хэрэгжүүлсээр байна.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.