Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, РЦНК-ийн орчимд энэ сарын 21-нд машины зам хааж хашаа татан, барилга барих гэж байна тэр хавийн оршин суугчид мэдээлсэн.
Оршин суугчдийн зүгээс явган хүний зам, машины зам хааж, цаашлаад ганц байдаг ногоон байгууламжтай газрыг хашаалж орон сууц барих асуудлыг эсэргүүцэн шат шатны байгууллагад хандсан юм.
Ингээд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Тухайн газар дээр ямар нэгэн барилга барих зөвшөөрөл өгөөгүй” гэх тайлбар мэдээллийг иргэдэд өгсөн. Мөн түүнчлэн даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн юм.
Гэвч ногоон байгууламж болгон тохижуулах сургаар тухайн газрын эзэмшигч компани барилга барих самбараа хашаандаа наасан нь хотын даргын шийдвэр хэрэгжихгүй байна гэх хардалт иргэдэд төрүүлсэн.
Энэхүү газрыг 2021 оны наймдугаар сард үүсгэн байгуулагдсан Т.Нямдагва гүйцэтгэх захиралтай “ЭДД энд ЭДД констракшн” ХХК 492.8 сая төгрөгийн үнэтэй газрыг дуудлага худалдаагүйгээр авсан байгаа юм.
Тухайн компани уг газарт барилга барих зөвшөөрөл аваагүй байтал дур мэдэн худалдан авсан газартаа барилга барихаар зүтгэж байна.
Уг асуудалд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, уг газарт үйлчилгээний орон сууц бариулахгүй гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Энэ сарын 24-нд хашааг албадан буулгахаар болсон. Цагдаа, мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллах” болно гэж мэдэгдсэн.
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн хувьд хашааг буулгаж, ногоон байгууламж болгох хүртэл тайвшрахгүй гэдгээ илэрхийлсээр байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зарим нь барилга барьж болдог зарим нь болдоггүй байж болохгүй. Барилгын стандарт хангаагүй бол зөвшөөрөл өгдөггүй байх хэрэгтэй. Стандарт зөрчсөн зөвшөөрөлтэй бол өгсөн хүмүүст нь л арга хэмжээ ав.