БНСУ-д өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн халдварын бараг 500 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, хүнд үе нь өнгөрсөн гэгдэж байсан цар тахлын давлагаа дахин нэмэгдэх магадлалтай болоод байна.
Тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр, өнгөрөгч лхагва гарагт 490,881 шинэ тохиолдол батлагдсан бөгөөд ингэснээр нийт өвчлөлийн тоо 10,427,247 болжээ. Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгосын таван хүн тутмын нэг нь цар тахлын халдвар авсан гэсэн үг юм.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 600 мянга гаруй хүн шинээр халдвар авч, өдөр тутмын тохиолдлын тоо дээд хэмжээндээ хүрсэн бол энэ удаагийн үзүүлэлт нь үүний дараа бичигдэх өндөр тоо билээ. Цар тахлын одоогийн давлагаа энэ долоо хоногт дээд цэгтээ хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байсан ч "Омикрон" хувилбарын хурдацтай тархсаар байгаа учир халдварын дэгдэлт үргэлжилж, улам нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.
Одоогийн байдлаар тус улсад маш хүнд өвчилсөн 1,084 хүн байгаа бөгөөд ийм төрлийн өвчтөний эмнэлгийн орны хүрэлцээ 64.4 хувьд хүрээд байгаа аж. Гэвч энэ нь тус улсын эмнэлгийн системийн хариу арга хэмжээний чадавхад нийцсэн гэдгийг албаныхан онцолсон юм.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.