УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлаа танилцууллаа.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Цар тахлын улмаас нийтийг хамарсан хурал, уулзалт зохион байгуулахыг хориглосон байсан. Хоёрдугаар сарын 14-нд Засгийн газрын шийдвэр гарч, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд хоёрдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 15-ны хооронд тойрогтоо ажиллаж, уулзалтууд хийсэн. Бүлгийн гишүүд орон нутагт ажиллах үеэр иргэд хэд хэдэн асуудлыг тавьсан байна. Засгийн газраас шийдвэрлэх ямар асуудал байна, хөдөө орон нутагт тулгамдаж байгаа асуудал юу байгааг өнөөдрийн бүлгийн хуралдаанаар ярилцсан юм.
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанд бүх гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь оролцуулсан. Ерөнхий сайд Баян-Өлгий аймагт ажиллаж байгаатай холбогдуулан дөрөв, таван сайд байсангүй.
Нэгдүгээрт, хаврын тариалалтын бэлтгэл ажил, үрийн нөөц, бордоотой холбоотой асуудлыг талаар нэлээн олон гишүүн ярьлаа. Малын шүлхий өвчин, ноолуур бэлтгэл, түүний үнэтэй холбоотой асуудал, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хотын төвийн ус, цахилгаан хангамжийг гишүүд хөндөж байна. 2021-2022 оны хөрөнгө оруулалтын явц, үр дүнтэй холбоотой асуудал гээд нийтэд нь багцалбал тулгамдаж байгаа 10 гаруй асуудлыг УИХ-ын гишүүд ярьж, цаашид хэрэгжүүлж ажиллах чиглэлийг Засгийн газарт өгөөд, өнөөдрийн бүлгийн хурал өндөрлөсөн гэв.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.
ОХУ-ын Украины эсрэг явуулж байгаа ажиллагаанаас үүдэн манай улс үр тариа, гурилын хомстолд орвол ямар арга хэмжээ авах вэ? Мөн Улаан-Үдээс манай улсад орж ирж байгаа иргэд доллар их хэмжээгээр авч байна гэх мэдээлэл байна.
-Хаврын тариалалтын үрийн асуудал ярих ёстой сэдэв. ХХААХҮ-ийн сайдын хэлж байгаагаар манай улсад энэ жил 64 мянган тонн үрийн хэрэгцээ бий. Түүний 59 мянган тонныг дотоодоосоо бүрэн хангах боломжтой гэж үзэж байгаа. Манайх өнгөрсөн жил ургац сайн авсан учраас үрийн хувьд хүндрэл үүсэхгүй. Харин бордоо хүндрэлтэй байгаа. ОХУ-аас 6 мянган тонн бордоо авах гэрээ хийгдчихсэн болохоор саатахгүй байх гэж үзэж байна. Гэхдээ бордоо авах асуудал өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй ч өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад хүндрэл үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэх мэдээллийг Засгийн газраас өгсөн.
Долларын асуудлыг өнгөрсөн Баасан гарагийн бүлгийн хуралдаанаар ярилцсан. Хилээр бэлэн мөнгө гаргах нь хориотой. Энэ дагуу хатуу хяналт тавьж байгаа. Агаар, төмөр зам, автозамаар доллар гараад байна гэдэг худал. Үүнийг Монголбанк хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа. Хилээр ч гэсэн гаргахгүй.
Харин экспорт маш багассан. Үндсэндээ 11-12-р сард экспорт бүрэн хаагдсан. Одоогоор төмрийн хүдэр, зэсийн баяжмал, алт гурав галт тэргээр гарч байгаа. Нүүрсний экспорт өдөрт 300-400 орчим машин гарч байгаа.
Бензин Улаанбаатарт 2350 төгрөг байхад Баян-Өлгий, Ховд аймагт 3000 төгрөг байх жишээний. Үнийн өсөлтийн асуудлыг бүлгийн хурлаар хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан уу?
-Үнийн өсөлтийг бүгд мэдэрч байгаа. Нэг талаар, импорт эрс багассан, хэд хэдэн барааны үнэ нэмэгдсэн. Жишээлбэл, шатахуун. Өнгөрсөн жилийн эцэст нэг тонн шатахууны үнэ 70 орчим ам.доллар байсан бол одоо 105-110 ам.доллар байна. Шатахууны үнийн өсөлт шууд хэлэхэд Орос, Украины дайнтай холбоотой.
Дэлхийн зах зээлд долларын ханш өсөж байна. Энэ нь манай эдийн засагт нөлөөлж байна. Ялангуяа урд хил хаагдсантай холбоотойгоор далайн болон агаарын тээвэр 5-10 дахин нэмэгдсэн. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан үнэ нэмэгдэж байгаа юм. Экспорт, импорт, тээвэр ложистикийн хувьд гадны улсаас хамааралтай учраас ингээд үнэ нэмэгдээд байна. Аль болох үнэ нэмэгдүүлэхгүй байх, инфляцыг бага түвшинд барих, долларын ханшийг нэмэхгүй, нөөцөө яаж хадгалах вэ гэдэгт л анхаарч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.