Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөгч лхагва гарагт болж өнгөрсөн бөгөөд сөрөг хүчний нэр дэвшигч Юн Сок Ёл ялалт байгуулсан нь өнөөдөр өглөө тодорхой болжээ. Ийнхүү тэрээр ирэх таван жилд улс орноо удирдах үүрэг хүлээж байна.
Ардын хүч намын гишүүн Юн Сок Ёл үүрийн 03:50 цагийн байдлаар нийт 16 сая буюу 48.59 хувийн санал авч, Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мёнийг 0.8 хувийн саналаар тэргүүлэх болсон юм. Тухайн үед нийт саналын хуудасны 97.67 хувийг тоолоод байсан тул үлдсэн саналын хуудаснуудаас үл хамааран түүний ялалт баталгаажжээ.
Ийнхүү Юн Үндэсний ассамблейд үг хэлэхээр хүрэлцэн ирж, ялалтаа "ард түмний ялалт" гэж тодорхойлсон байна. Тэрээр мөн "Би Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён, Шударга ёс намаас нэр дэвшигч Шим Сан Жун нарт талархаж байгаагаа илэрхийлж, Солонгосын улс төрийн хөгжилд бидний оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа хэлмээр байна. Би ажлаа хүлээж авахдаа Үндсэн хууль, Үндэсний ассамблейн үзэл санааг дээдлэн, ард түмэндээ илүү сайн үйлчлэхийн тулд сөрөг хүчинтэй хамтран ажиллах болно" хэмээн тэмдэглэжээ.
Одоогийн байдлаар БНСУ-ын "KBS", "MBC", "SBS" зэрэг гурван том телевизийн гаргасан үр дүнгээр Юн 48.4 хувийн санал, харин эрх баригч намаас нэр дэвшигч И 47.8 хувийн санал авсан аж. Энэ удаагийн сонгуулийн ирц 77.1 хувьтай байсан бөгөөд энэ нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцээс 0.1 хувиар бага үзүүлэлт юм.
Тус улсын Үндэсний сонгуулийн хороо үр дүнг албан ёсоор баталгаажуулсны дараа Юн Ерөнхийлөгчөөр сонгогдох бөгөөд ирэх 5 дугаар сарын 10-нд Ерөнхийлөгч Мүн Жэ Инээс албан тушаалаа хүлээн авна.
Тэгвэл 61 настай Юн Сок Ёл Засгийн газрын бүтцийн томоохон өөрчлөлт хийх төлөвтэй байна. Ерөнхий прокурор асан тэрээр Жендерийн эрх тэгш байдал, гэр бүлийн яамыг татан буулгаж, эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд төвлөрч ажиллахын оронд жендерийн эрх тэгш байдалд анхаарна гэж амласан юм.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.