Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Капитал банкийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр татан буулгахад Монгол банкны хяналт шалгалтын тайлангаар ЭМДЕГ, НДЕГ-т нийт 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Энэ дагуу эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцахад байсан бэлэн мөнгөнөөс хоёр даатгалын санд тус бүр 7.7 тэрбум төгрөг шилжүүлсэн.
Мөн битүүмжлэгдсэн эд хөрөнгөөс ЭМД-ын санд 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлсэн. Тухайн газрууд эдгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрсдийн үндэсний зөвлөлөөс гаргасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, сангуудад эргэн төвлөрүүлж байгаа талаарх мэдээллийг бидэнд өгсөн.
Капитал банканд хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгийг шилжүүлэхээр тохирсон байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий бусад эд хөрөнгийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлэхээр болсон. Одоогийн байдлаар ЭМДЕГ-ын авбал зохих үлдэгдэл төлбөр 91.9 тэрбум, НДЕГ-ын 74.3 тэрбум төгрөг байна.
Битүүмжлэгдсэн, үнэлгээ тогтоосон хөрөнгийн хэмжээ 118 тэрбум төгрөг байгаа. Энэ 118 тэрбум үнэ бүхий эд хөрөнгийг хувь тэнцүүлэн шилжүүлэх ажил хийгдэнэ. Үүнд, үйлчилгээний обьект 44ш, үйлдвэр 7ш, орон сууц 46ш, газар 82ш, зоорь 4ш, дуусаагүй барилга 3, фермерийн барилга 7, агуулах 6ш байна. Битүүмжлэлийг дуусгаж шилжүүлж өгснөөр дээрх сангууд дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан худалдах ажил хийгдэнэ" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.